"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх вакцины гурав дахь тунгийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Коронавирусийн эсрэг вакцины гурван тунг хийлгэсэн ч дэглэмээ мөрдөхгүй бол халдвар авах магадлалтай гэдгийг ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр санууллаа.
Тэрбээр "Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн хүмүүс ч халдвар авах магадлалтай. Энэ бол зөвхөн тухайн хүний дархлалын түвшингөөс хамаарна.
Манай улс цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй ажилтнууддаа Астра Зенека вакцины гурав дахь тунг сайн дураар хийх болсон нь тухайн хүмүүсийн биед вирусийн эсрэг үүссэн эсрэг биетийн түвшинг л нэмэгдүүлэх зорилготой.
Өөрөөр хэлбэл, халдвараас хамгаалах хариу урвалын чадавхыг нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Учир нь эсрэг биетийн түвшин өндөр байгаа үед халдвар авсан ч маш хөнгөн өвдөөд өнгөрнө.
Тиймээс дельта хувилбарын давлагаа үүсэж байгаа энэ үед цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийн дархлалын түвшинг нэмэгдүүлэх нь хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байгаа хэрэг.
Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа эсрэг биетийн хэмжээ буурч байгаа гэх судалгаа олон бий.
Монгол Улс ч энэ төрлийн судалгааг хийсэн. Тус судалгаагаар, вакцин хийлгэснээс хойш хоёр сарын дараа цусанд шинжилгээ хийхэд эсрэг биетийн хэмжээ буурсан үр дүн гарсан. Гэхдээ дархлаа хамгаалах түвшиндөө байгаа.
Түүнээс гадна, аль ч вакцины үйлдвэрлэгчийн зүгээс гурав дахь тунг хийх талаар албан ёсны зөвлөж өгөөгүйг хэлье.
Гэхдээ бид вакцины хоёр тун хийлгэснийхээ дараа халдвар авсан хүмүүс гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй гэсэн бодлого баримталж байна" гэлээ.