Өчигдөр сэтгүүлч Э.Долгион Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хийсэн ярилцсан. Ерөнхий сайд Оюу толгойн асуудлаар ярилцсан хэсгийг хүргэж байна.
-Байнга сонирхдог сэдэв бол яах аргагүй Оюу толгой төсөл. Хамгийн том төсөлтэйгөө хэтэрхий хатуу хандаад байгаа юм биш үү гэсэн нэг хэсэг байдаг. Нөгөө хэсэг нь энэ төсөл заавал Монгол Улсад ашигтай байх ёстой гэдэг. Оюу толгойн асуудал дээр Засгийн газрын байр суурь ямархуу байна. Яг өнөөдрийн байдлаар?
-Оюу толгойн төсөл хэрэгжсэн нь зөв. Оюу толгойн төслийг хэрэгжсэнээр эдийн засаг тэлсэн нь үнэн. Энэ бол бодит байдал. Оюу толгойн төслийг хэрэгжүүлэх тал дээр алдаа гаргасан нь үнэн. УИХ-аар ороогүй, Засгийн газрын хуралдаанаар оруулаагүй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч талд хэтэрхий ашигтай шийдэл гаргаад, тэр нь өнөөдөр олон нийтийн шүүмжлэл дагуулаад цаг хугацаа явах тусам өр үүсгээд байдаг. Ногдол ашиг хэзээ ч авахгүй, дандаа өртэй байдаг. Ийм тогтолцоо руу орчхоод байгаа нь үнэн.
Засгийн гарын зүгээс маш энгийн зүйлийг бидний хувьд хэлэлцээрийн явцад шаардаж байгаа юм.
Нэгдүгээрт 34 хувьтай холбоотой далд уурхайн бүтээн байгуулалтыг жишээлбэл ашиглалтад оруулах техник эдийн засгийн үндэслэл бол Засгийн газрын алдаа биш. Энэ бол хөрөнгө оруулагч тал болон Рио Тинто компанийн техникийн алдаа. Тийм учраас алдаатай холбоотой асуудлаа та бүхэн өөрсдөө хариуцах нь зүйтэй. Анхны техник эдийн засгийн үзүүлэлт дээр ийм байсан бол бид зөвшөөрнө. ТЭЗҮ өөрөө өөрчлөгдөөд зардал хэтэрнэ гэдэг бол Засгийн газрын алдаа биш. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөөд 34 хувь дээр байгаа өрийг тэглээч ээ гэж байгаа юм.
Хоёр дахь бидний шаардлага бол татварыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөөч. Арбитрт маргаан үүсээд явж байгаа. Арбитрын эхний шатанд бидний хувьд тодорхой хэмжээний ялалт байгуулсан гэж ойлгож болно. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой байсан нэг их наяд төгрөгийг Монгол Улсын төр рүү шилжүүлсэн. Үүнийг ковидийн хүнд байх үед иргэн бүр Оюу толгойгоос анх удаа жишээлбэл ногдол ашиг байдлаар тэтгэмж авах боломж бүрдсэн. Тэр нь цар тахлын үед 21 хоногийн хөл хориог даван туулахад чухал үүрэгтэй байсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр 300 мянган төгрөгийг өгөхгүйгээр 21 хоногийн хатуу хөл хорио тавих боломжгүй байсан. Тэгвэл вакцинжуулалт ийм үр дүнтэй байхгүй байсан. Тэр олон мянган хүн нас барах эрсдэл хавар үүсэх байсныг ч үгүйсгэх аргагүй.
Тийм учраас Оюу толгойн төсөл үр өгөөжөө хэлэлцээрийн хувьд өгөөд эхлээд явж байна. Цаашлаад бид ногдол ашгаа илүү тогтвортой авмаар байна гэж байгаа.
Таван толгойн цахилгаан станцтай холбоотой, тэнд бид эрчим хүчээ нийлүүлэхтэй холбоотой хэлцлүүд явж байгаа.
НӨАТ-тай холбоотой нэг хоёр асуудлууд гарсан. Түүн дээр хэлцлүүд явж бусад асуудлууд зүгээр явж байгаа.