НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах болон нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга хасах тухай асуудлыг танилцууллаа.
Хурлаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьсан Сэлбэ дэд төвийн Бизнес инкубатор, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг нийслэлийн өмчид бүртгэж, Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-т эзэмшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг бүрдүүлж байна. Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв нь Сэлбэ Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн бүсийн бизнес эрхлэгч иргэн, өрхийн үйл ажиллагааг хуульд заасны дагуу аж ахуй нэгжийн зохион байгуулалтад оруулж, бичил, жижиг, дунд өсөх үе шаттайгаар бойжуулж, шаардагдах зөвлөх үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Нэг цэгийн үйлчилгээ”-г төлөвлөөд байгаа юм. Мөн БНСУ-ын Сөүл хотын бизнес инкубатор байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр барьсан 12 барилга, байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж, “Хүрээ” амаржих газрын зоорийн хоёр барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг хэлэлцлээ. “Хүрээ” амаржих газрын зоорийн хоёр барилга нь 1959 онд ашиглалтад орсон бөгөөд 2015 оны дүгнэлтээр зоорийн хучилтын модон дам нуруу, банзнууд муудсан, хотойлт үүссэн, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон тул ашиглалтыг зогсоогоод байсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭC