Өчигдрөөс эхлэн Хүй долоон худагт Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 512 бөхийн барилдаан болж байна.
Гэтэл энэхүү барилдаанд 2019 оны баяр наадмаар түрүүлж аварга цол хүртсэн ч допинг хэрэглэсэн нь илэрсэн Э.Оюунболд аварга цолтойгоо барилдаж байгаа нь олныг бухимдуулав.
Арга ч үгүй биз. Допинг хэрэглэн аварга болоод хоёр жил бангадуулан барилдах эрх нь сэргэсэн ч аварга цолоо хураалгахгүй барилдаад л байвал хэн хүссэн бөх нь цолоо ахиулахын тулд допинг хэрэглэж, бяр суугаад бангадуулж, амарч байгаад цолтойгоо үлдэх боломжтой болж таарчхаад байна.
2019 оны наадмаар аварга цол хүртсэн Э.Оюунболдоос БНСУ-д хийсэн допингийн эсрэг шинжилгээгээр S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Тухайн үед тэрбээр “Миний шээсийг сольсон. Би допинг хэрэглээгүй” хэмээн мэлзэж, баахан шүүхээр заргалдсан. Гэсэн ч зариг.мн сайт түүний багштайгаа чаталсан чатыг ил болгон зураг хөрөгтэй нь гаргасан ч тэрээр эцсээ хүртэл мэлзэн гүлдийсэн.
Өөрийгөө допинг хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, ард иргэд, бөхчүүдээсээ уучлал гуйгаагүй өнөөдрийг хүрч барилдах эрх нь сэргэсэн нэрээр бөхийн дэвжээнээ зодоглосоор…
Өнгөрсөн жил допингийн асуудлын талаар дархан аварга Х.Баянмөнх сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Би допингийн асуудлаар яриад 10 жил болж байна. Би 21 жил дэлхийд шээсээ өглөө. Тэр шээсийг хяналт доор авдаг. Гэтэл манайд хяналт алга. Энэ нь авлигын үүр болсон. Э.Оюунболдтой бол ярих юм байхгүй, аварга цолыг нь хураах ёстой. Шинжилгээний хариугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь хамаагүй. Шээснээс нь дөрвөн төрлийн допинг илэрсэн байсан. Э.Оюунболдыг унагахын тулд хүнд дөрвөн төрлийн хор уулгахгүй биз дээ. Өөрөө л хэрэглэсэн” гэж Э.Оюунболдын байр суурийг эсэргүүцсэн юм.
2020 оны баяр наадмаар улсын аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Орших, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн. Н.Батсуурь аваргын хувьд допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан даруйд хэвлэлийн бага хурал хийж, уучлал гуйж байв. Түүнчлэн эрх хасуулсан хугацаа нь дуусгавар болсон ч элдэв хэл амнаас эмээж энэ жилийн наадамд зодоглосонгүй.
Харин өчигдөр эхэлсэн энэхүү барилдаанд улсын харцага Б.Бат-Орших, улсын арслан Р.Пүрэвдагва нар Хүй мандлын дэвжээнд гарч наадамчин олон болон бөхчүүдээсээ уучлал гуйж, толгой гудайлгасан юм. Тэд хийсэн гэмээ ухаарч, үндэсний бөхөө хүндэлж буйгаа илэрхийлэн энэ удаагийн барилдааныг алгассан.
Хэрвээ допинг хэрэглэсэн, шинжилгээгээр илэрсэн бол хуульд заасан бүх хариуцлагыг хүлээлгэх ёстой. Түүнчлэн түүнд унасан бөхчүүдэд цолыг нь ахиулж өгөх ёстой байлаа.
Монгол бөх ёс зүйгүй Э.Оюунболдын үйлдэл бүхнээс дээгүүр бүрэн эрхтэй байж болохгүй.
Допинг илэрсэн нь тодорхой болсон буюу аварга биш хүн “Аварга” хэмээх цолоо дуудуулан үеийн бөхчүүдийнхээ үйлдлээс ч ухаарах сөхөөгүй улайран барилдах нь бөхчүүд болон бөх сонирхогчдын дургүйцлийг хүргэсээр. Мөн өнөөдрийн барилдааны гурвын даваанд өөрийг нь допингийн асуудалтай байхад эсэргүүцэн Монгол бөхийн нэр төр, жудаг ярьж тэмцэж байсан улсын арслан Ц.Содномдоржийг Э.Оюунболд амлан авч өвдөг шороодуулав. Бяртай гэхээсээ илүү хор шартай түүний барилдаан олон ч хүнд таалагдсангүй..
Э.Оюунболдын цолыг хураагаагүй нь Ерөнхийлөгчийн "буруу" гэж болох ч тэр допинг илэрснээсээ хойш уучлалт гуйж, гэмээ хүлээсэнгүй. Аварга цолтой зодоглохоосоо ч ичсэнгүй.
Жудаггүй зан нь хэрээс хэтэрсээр Э.Оюунболдыг хазаарлах холбоо байтугай цолыг нь хураах Ерөнхийлөгч ч алга.