Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах үүрэг өгсний дагуу нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь эхэлсэн 15 байршил байгааг нийслэлээс албан ёсоор мэдээлсэн. Гэвч ногоочдод гаргаж өгсөн 15 байршлын өмнөх жилүүдэд хүн ихтэй байсан долоон байршил дээр очиход дөрөвт нь худалдаачид огт байсангүй. Тодруулбал,
Хан-Уул дүүргийн 2-р хороо. Ажилчдын алдар талбай.
Үйл ажиллагаа нь эхэлсэн гэж мэдээлсэн хүнсний ногоо борлуулах 15 байршлын нэг болох энд хоосон талбай угтлаа.
Чингэлтэй дүүргийн 4-р хороо. Бага тойруу. Барилгачдын талбай.
Бас л хүнгүй хоосон талбай. Ногоо зарах газар гаргаж өгөхгүй байна хэмээн гомдоллож байсан ногоочид хаачив.
Чингэлтэй дүүргийн 5-р хороо. Самбуугийн гудамж. Ялалтын талбай.
Өнгөрсөн жилүүдэд шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаа энд болдог байсан. Талбайг тойруулан цагаан асрууд барьж, нутаг нутгийн шинэ ургацын ногоог худалдаалдаг байв. Харин энэ жил энд нэг асар байтугай, ногоо зарж буй нэг ч хүн байсангүй. Ялалтын талбай үзэсгэлэн болох үйл ажиллагаа эхэлсэн гэж мэдээлсэн 15 байршлын нэг.
Зарим иргэд шинэ ургацын ногооны үзэсгэлэн хайж ирсэн байлаа.
“Үзэсгэлэн гаргах, үйл ажиллагаа нь эхэлсэн 15 байршил гэж нийтэд зарласан ч яагаад нэг ч хүн байхгүй байна вэ? Мэдээллээ үнэн зөв тараамаар юм. Хүний цаг үрж байна” хэмээн бухимдах нэгэнтэй ч таарсан юм.
Баянгол дүүргийн 3-р хороо. УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоол.
Энэ байршил дээр жилийн жилд нутаг нутгийн ногоочид цугладаг. Нийслэлчүүдийн хувьд хямд үнээр шинэ ургацын ногоо авахаар хамгийн түрүүнд зорин ирдэг газар ч байж мэднэ. Зай талбайгүй гадаа нь эгнэсэн ногоочдыг цагдаа нар хөөж байна хэмээн цахимаар яригдсан эл газар өнөөдөр хоёр эгнээ болгон зассан асруудад ногооны үзэсгэлэн худалдаа дэлгэжээ.
Ногооны худалдаачид “Бид нар энд наймдугаар сараас эхлэн гарч байгаа. Түрээсийн хувьд нэг сар нь 150 мянга төгрөг. Гурван сараар нь 450 мянган төгрөг. Нэмээд хогны мөнгө сарын 60 мянган төгрөг. Би л гэхэд дан нарийн ногоо худалдаалдаг. Броккли 3500 төгрөг, огурци 2000 төгрөг, юуцай 3000 төгрөгийн үнэтэй байна. Энэ талбайд жил бүр л ирж лангуу түрээсэлдэг. Төлбөрийн нөхцөл, байршил боломжийн байдаг” гэв.
“Өнөөдрийн байдлаар
- тарвас нэг килограмм нь 1500 төгрөг.
- Огурци нэг килограмм 1500-2000 гэсэн ханштай хоёр өөр төрөл байгаа.
- Монгол сонгино килограмм нь 1200 төгрөг,
- Хятад сонгино 1800 төгрөг.
- Сармис нэг боодол нь 2000 төгрөг.
- Шар манжин, хүрэн манжин нэг килограмм нь 1800 төгрөг”
Баянгол дүүргийн 3-р хороо. УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
Энд үзэсгэлэн болно гэж өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгдсэн боловч өнөөдрөөс л гарч эхэлж байна гэж худалдаачид хэлж байлаа.
Худалдаачид “Энд түрээсгүй. Талбай ашиглах үед гарах хогны төлбөр өгнө. Бие засах газар ашиглаж байгаа төлбөр өгнө. Өөр ямар нэгэн түрээс авахгүй гэсэн. Өдөр бүр бороо ордог, ногооны ханш өдөр бүр өөр орж ирдэг.
Өнөөдрийн байдлаар
- төмс нэг шуудай нь 20000 төгрөг,
- лууван нэг шуудай нь 88000,
- тарвас нэг шуудай нь 45000 төгрөгийн үнэтэй байна.
Хувь хүнээсээ хамаараад үнэ өөр өөр байна. Энд олон хүн байгаа шүү дээ.
Жижиглэнгээр
- тарвас 1900 төгрөг,
- броккли 3500 төгрөг.
Энэ газраа жаахан эрт гаргаж өгсөн бол олон асуудал, чирэгдэл болохгүй байх байсан. Нэгдсэн журмаар ингээд зохицуулаад өгчихвөл хамаагүй амар”.
“Байр, газар бэлдэж өгсөн. Шинэ ургацын ногоо хамгийн хямд байгаа. Төмс бараг 400 төгрөг гэж байгаа гэж ярьж байсан. Яг ирээд авах гэхээр үнэтэй байна” хэмээн бухимдах иргэдтэй ч таарлаа.
Баянзүрх дүүргийн 26-р хороо. Дүнжингарав худалдааны төвийн гадна талбай.
Үйл ажиллагаа нь эхэлсэн хэмээн зарласан өнөөх л 15 байршлын нэг. Дүнжингарав худалдааны төвийн баруун талд “Сэлэнгийн ногооны үзэсгэлэн худалдаанд тавтай морилно уу” гэсэн хаягтай нэг жижиг асар байна. Санал гомдол их ирээд байсан шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаанд зориулан Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайг тэр чигт нь бэлджээ. Гэвч том талбайд торойх ганц асар хэдхэн ногоочид л цөөн тооны хүнсний ногоо дэлгэжээ.
Сүхбаатар дүүргийн 9-р хороо. “Их тойруу” худалдааны төвийн гадна талбай.
Бид өдрийн 11:00 цагийн үед очиход гадна талбайд ногоо худалдаж буй хүмүүс байсангүй. Иргэдийн мэдээлснээр энэ байршилд үдээс хойш, оройхон ногоо худалдаачид ирж худалдаагаа хийдэг гэж байна.
Түүнчлэн зөвшөөрөлгүй дээр дурдсан 15 байршилд багтаагүй ч Төмөр замын хорооллууд дунд машинтай ногооны худалдаа хийж байгаа хүмүүс ч байна. Үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа газруудын 50 хувьд нь л худалдаа эрхлэгчид байна. Зарим үйл ажиллагаа эхэлсэн байх ёстой газруудад нэг ч хүнгүй байна гэх иргэд олон байлаа.
Ногоочид, тариаланчдад талбай гаргаад өгөөд байхад тэд хаачив. 1000 машины зогсоол дээрх худалдаанд нийслэлийн удирдлагууд очиж уулзахад “Ногоо худалдаалах 160 гаруй лангуу байгуулснаас орох хэсгийн лангуунууд эзэнтэй болсон тул ногоочид бусад сул байршлыг голж, хоорондоо булаацалдсанаар тэдний дунд маргаан дэгдээд байгаа аж. Хотын дарга уг асуудлыг яаралтай шийдэж, ашигтай байрлалыг нэг хүнд дангаар нь олгохгүй байх, ногоочид, худалдаачдыг дэмжиж, ашигтай байрлалыг хуваан өгөх зохицуулалт хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо” талаар мэдээлсэн.
Нийслэлд өнөөдөр хүнсний ногоо борлуулах 15 байршлыг 24 болгож нэмэгдүүлсэн ч үнэндээ тэнд худалдаа эрхэлж байгаа ногоочид алга.