Хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Хөх, цэнхэр өнгийн хувцсаар “гангарсан” хүүхэд багачууд их хотыг чимэлгүй хэдийнэ хоёр жил өнгөрсөн. Харин энэ жил танхим болон цахим сургалтыг хослуулан явуулахаар болоод буй.
Хичээлийн шинэ жил эхлэх бүрд эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг бэлддэг. Цар тахлын улмаас ажилгүй болсон, амьжиргааны түвшин доогуур, хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг хийж чадахгүй байгаа айл, өрхүүдэд туслах зорилгоор “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Дүрэмт хувцсаа бэлэглэе” хандивын аяныг зохион байгуулж эхэллээ.
Аяны хүрээнд 500 ширхэг сурагчийн дүрэмт хувцсыг хандиваар цуглуулан, дүрэмт хувцас шаардлагатай 2-12-р ангийн сурагчдад бэлэглэхээр ажиллаж байгаа юм. Мөн нэгдүгээр ангид элсэн суралцах 551 хүүхдэд дүрэмт хувцсыг өөрийн хөрөнгөөр худалдан авч өгөхөөр төлөвлөжээ.
Хандивын аяны талаар “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын маркетинг харилцааны мэргэжилтэн А.Цолмоноос тодрууллаа.
–Яагаад хандивын аян хийхээр төлөвлөсөн бэ?
-Манай байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй Нийслэлийн зургаан дүүрэг болон Дархан уул аймаг дахь 6187 өрхөөс “Гэр бүлийн нөхцөл байдлын түргэвчилсэн үнэлгээ” асуумж судалгаа авсан юм. Үүнд оролцсон эцэг, эхчүүдийн 30 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхүүдийн 22 хувь нь хүүхдийн мөнгө болон тэтгэвэр тэтгэмжийн орлогоор амьдарч байна. Мөн Covid-19 цар тахлын улмаас 2020 онд 145 эцэг эх ажлын байргүй болж, өрхийн орлого нь буурсан дүгнэлт гарсан.
Эдгээр гэр бүл эцэг эхчүүд хүүхдэдээ дүрэмт хувцас авах боломжгүй болж, улмаар хүүхдийн сурах, хөгжих эрх зөрчигдөх гээд байгаа юм. Тиймээс бид хүүхдийн сурах их үйлсэд хувь нэмэр оруулах үүднээс “Хандив ханасан сэтгэлээс бус харамгүй сэтгэлээс бүтдэг” уриан дор дүрэмт хувцас хандивлах аяныг зохион байгуулж байна.
–Одоогийн байдлаар хичнээн дүрэмт хувцас цуглуулсан байна вэ?
-Хандивын аян маань долдугаар сарын 28-нд эхэлсэн. Одоогийн байдлаар 50-100 орчим дүрэмт хувцас цуглуулсан байгаа. Ахлах ангийн сурагчид маш идэвхтэй хандивлаж байна. Энэ ажил маань наймдугаар сарын 30 хүртэл үргэлжлэх учраас сайхан сэтгэлт ард түмнийгээ хуваалцах соёлыг хамтдаа түгээж, хүүхдийнхээ өмсөхгүй, багадсан дүрэмт хувцсыг хандивлахыг уриалж байна. Мөн бид хувцсаа хандивласан хүүхдүүдэд урам өгч, баярласан сэтгэлээ илэрхийлэн талархлын захиа өгч байгаа. Үе тэнгийн найзууддаа тусалж, баяр хөөртэйгөөр хичээлдээ явахад нь хувь нэмэр оруулж, багадсан хувцсаа хандивлаасай гэж хүсэж байна.
-Хуучин хувцас учир цэвэрлэх шаардлагатай болно. Хандиваар авсан дүрэмт хувцаснуудаа хэрхэн цэвэрлэж, засварлаж байна?
–Формоо цуглуулж байх хугацаандаа 10,10 ширхгээр нь багцлаад угаалга, цэвэрлэгээнд өгч байгаа. “Гүүд Шэйринг” компанийн угаалга, хими цэвэрлэгээнд оруулж байгаа. Харин шаардлагатай оёдол, засварыг “Тод Илч” оёдлын үйлдвэрт дамжуулан хийлгэж байна. Үүний дараа судалгаагаар тодорхойлсон байгаа сурагчдад хувцсаа тараах болно.