Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас цахимаар зохион байгуулсан юм. Хотын дарга өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 25 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 79.4 хувьтай байна.
Дүүрэгт хийж байгаа ажлууд болон цаг үеийн нөхцөл байдлын талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа. Тухайлбал, дүүргийн хэмжээнд вакцинд хамрагдалт 80 хувьтай байгаа бөгөөд 17.000 хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаас 12.500 хүүхэд хамрагдсан гэв.
УОК-ын 25 дугаар хурлаар гадаа талбайд үзэгчгүйгээр тэмцээн, уралдаан зохион байгуулах зөвшөөрлийг аймаг, нийслэлийн онцгой комиссын хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх чиглэл өгсөн. Үндэсний бөхийн холбоо болон спорт холбоодоос тэмцээн, уралдаан зохион байгуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд НОК-ын хурлаар хэлэлцэж, “Хариуцлагын гэрээ” байгуулж, холбогдох дүрэм, журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, спортын тэмцээн, уралдааныг гадаа талбайд үзэгчгүйгээр зохион байгуулахыг зөвшөөрсөн. Одоогоор Хөлбөмбөгийн холбоо, Сурын холбоо, Үндэсний бөхийн холбоод тэмцээн, уралдаан зохион байгуулж байгаа юм.
Мөн номын сан, кино театруудыг “Хариуцлагын гэрээ” байгуулж, нээх бэлтгэл ажлыг хангасан талаарх мэдээллийг Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцууллаа.
Мөн нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 282 тохиолдол батлагдсанаас хүүхэд 72, жирэмсэн дөрвөн хүн байна. Сургууль, цэцэрлэг дээр байрлаж байсан дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн коронавирусийн халдварын дараах сэргээн засах эмчилгээг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсний дагуу энэ чиглэлээр ажиллаж байгаагаа НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцоллоо.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС