Шуудан илгээмжээр дамжуулан гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллараар үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг илрүүлэн, шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтан, цагдаагийн ахмад Э.Зоригтбаатар “Он гарсаар эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 34 хувиар, холбогдогч 21 хувиар буурсан бол хураан авсан мансууруулах бодисын хэмжээ хоёр дахин өссөн байна.
2021 оны наймдугаар сарын 11-нд Өмнөд Африкаас 989.2 гр мөс хэмээн нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Энэ хэргийн холбогдогч болон бодисын тоо хэмжээтэй холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэлээр гарч байгаа.
Дээрх гэмт хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай Э нарыг холбогдуулан шалгаж байна. Э-д өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд өмнө нь Хонг Конг улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жил хорих ял эдлээд, 2020 онд суллагдан Монгол Улсад ирсэн.
Бид Монгол Улс руу мансууруулах бодис илгээсэн этгээдийг олж тогтоохоор гадаадын цагдаагийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7.3-т заасны дагуу улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил хорих ял оноох хуулийн хариуцлагатай” гэв.
Энэхүү хэрэгт холбогдсон этгээд эмч мэргэжилтэй мөн хэргийн гол захиалагчийг цагдаагийн байгууллага олж тогтоож чадаагүй байна гэдэг мэдээлэл сошиалд тараад байсан. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэж, албан ёсны тайлбар ийнхүү хийлээ.