Манай Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт YZ ENTERTAINMENT-ИЙН жүжигчин, Б.Сайханбилэг оролцлоо.
2019 онд СУИС–ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сургуулиа төгсөөд нэг жил Эмоци продакшнд жүжигчнээр ажиллажээ. Харин түүний дараагаас YZ entertainment-д харьяалагдаж контент үйлдвэрлээд явж буй юм.
Тэрбээр, YZ entertainment-ийн “100–ийн хайр”–ыг найруулж, зургийг авсан билээ. Мөн “Тoxic love” контент бүтээлийн жүжигчин юм. Өөр өнцөг, өөр сэтгэлгээгээр контентоо бүтээхдээ нийгмийн хэм хэмжээг эвдэлгүй, хагжилтэй хийгээд этгээд гаж бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож явна.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Миний хийдэг контент бол цус сорогчтой. Жаахан гажиг шүү дээ. Гэхдээ би тийм хүн биш, их даруухан. Бидний бүтээлүүд дээр сөрөг сэтгэгдэл бичдэг хүмүүс их бий. Тэр хүмүүс бичээд л мартчихдаг. Харин комментыг уншиж байгаа хүнд тэр сэтгэгдэл үлдэж л байдаг. Түүнийг манайхан огт ойлгодоггүй” гэлээ.
Мөн тэрээр, “Бүтэлгүйтдэггүй хүн гэж байдаггүй байх. Байдаг бол тэр нь бараг бүтэлгүйтэл байх.
Анх “100-ийн хайр”-ын эхний ангийг хийж байхдаа хүмүүс үзэхгүй бол яана аа гээд их эмээж байсан. Гэтэл тэр ангийг маш их хүн үзсэн. Эхний ангиасаа эрч хүч аваад хоёр дахь ангиа маш сайн төлөвлөсөн ч санаснаар болоогүй. Зохиол дээр цаг агаарыг нартай сайхан байхаар бичсэн байсан ч хотоос гараад шороон шуургатай, бороотой болчихсон. Тэр үед хамаг юм нурах шиг л болж, гарах арга замаа бодож эхэлсэн. Гэхдээ тэр үйл явдлаас, бүтэлгүйтэл нь бүтэлтэй байхын эхлэл, давуу тал болж болдгийг ойлгосон.
Хүмүүс бодитой зүйлд маш дуртай байдаг шүү дээ. Бид бороог захиалж чадахгүй. Яг бороо орсон нь хүмүүсийн сэтгэлд маш их хүрсэн. Бодитой, хуурамч биш санагдсан гэсэн үг.
Миний хувьд өөрийнхөө үзэл бодлыг 100 хувь илэрхийлж чадахгүй байсан даа одоо маш их харамсдаг. Үүнийг маш том алдаа гэж боддог. Өөрийнхөө бодож байгаа зүйлийг илэрхийлэх нь өөрийгөө ялж байгаа хэрэг юм шүү дээ. Хэрвээ чамд бодогдож л байвал тэр зүйл чиний чадах зүйл. Тиймээс бодлоо биелүүлэхийн төлөө л байхыг хичээдэг” хэмээн ярив.