Засгийн газраас “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагааны хэвийн найдвартай ажиллагааг хангуулах зорилгоор техник, технологийн шинэчлэлийг шат дараатайгаар хийж байна.
Монгол улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк/JBIC хооронд Япон улсын орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэл, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий “Экспортын зээлийн шугам нээх тухай төслийн зээл”-ийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд санхүүжилтийг шийдсэн.
Энэ хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлж буй “KOMATSU” худалдааны төлөөлөгч "Трансвест Монголиа"-ийн зүгээс “Шивээ-Овоо” компанид хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн зардал бууруулах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, уурхайн найдвартай хэвийн үйл ажиллагааг хангуулахад нэн түрүүнд шаардлагатай байгаа 6,7 м3-ын хүчин чадалтай экскаватор 3, автосамосвал 100 тн даацтай 6, 60 тн даацтай 8, гинжит бульдозер 2, нийтдээ 44.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий Японы Комацу брендийн 19 ширхэг машиныг техникийн шинэчлэлийн хүрээнд авсан юм.