Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр КОВИД-19 халдвар, дельта хувилбар илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10-20 хувьд нь PCR шинжилгээнд суурилсан мутацид орсон вирус илрүүлэх шинжилгээг хийсэн. Ингэхэд долоо хоногийн буюу нийт 369 сорьцоос 39 сорьцид нь Дельта вирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, батлагдаж байгаа тохиолдлын арав орчим хувьд нь Дельта эзэлж байна. Харин Япон Улс руу долдугаар сарын 16-нд явуулсан 260 орчим сорьцоос эхний 38 сорьцын хариу гарсан. Үүн дотор Альфа мутаци 32, Монголд үүссэн мутаци 4, Дельта 2 тус, тус илэрсэн. Гурав дахь тунтай холбоотой олон улсын судалгааг дурдахад “Синовак вакцины хоёр дахь тун нь дархлалын сайн санамжийг үүсгэж 6-8 сарын дараа гурав дахь тунг хийхэд хүчтэй дархлалын хариу үйлдэл үзүүлж байна. Гурав дахь тунгийн дараа саармагжуулах эсрэг биеийн хэмжээ 3-5 дахин өндөр байгааг тогтоосон. Астра Зенека вакцины гурав дахь тунг хийснээр уургийн эсрэг биеийн хариу урвалыг нэмэгдүүлсэн. Гурав дахь тунгаас хойш 28 дахь өдрөөс хойш эсрэг биеийн түвшин нь хоёр дахь тунгаас хойш 28 дахь өдрийн түвшнөөс өндөр байгааг тогтоосон” гэжээ. Монгол Улс хэдийд, ямар насны хүнд гурав дахь тунг хийх талаар судалж байна. Гурав дахь тунг хийлгээд халдвар авахгүй гэсэн үг огт биш.
Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Л.Баттөр: Вакцинд хамрагдах тооны иргэд ирээгүй үед тунг устгах тохиолдол цөөн гарсан. ЭМ-ын сайдын тушаалаар нэгдүгээр тундаа хамрагдаад өвдсөн хүмүүс 28 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдаж болно.
Хоёр тундаа хамрагдаад халдвар авсан бол дахиж вакцин хийлгэх шаардлагагүй. Гэхдээ вакцинд хамрагдсан байсан хүмүүст халдварт хөнгөн өртөж, хурдан эдгэж байна.
Одоогоор дельта хувилбараар өвдсөн хүмүүсийн бие хөнгөн байна. Дэлхий нийтэд дельта хувилбараас үүдэлтэй нас баралт бага байгаа судалгаа бий.
Дэлхий даяар гурав дахь тунг баян улс орон л ярина гэж буй. Манай улс баян орондоо ороод байх шиг байна.