Энэ оны 6 дугаар сарын 1-ний Засгийн Газрын хуралдаанаар ААН-үүдийн эзэмшилд байдаг, БЗД-ийн 4 дүгээр хороо буюу Жуковын хөшөөний ард талын талбайг нийтийн эзэмшилд шилжүүлэх тухай мэдэгдсэн. Гэвч одоог хүртэл энэхүү талбай нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшилд байсаар байгаа юм. Мөн энэхүү талбай дээр барилга барих гэж байна гэх иргэний мэдээллийн дагуу Газар Ашиглалт Бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галаас тодрууллаа.
Тэрбээр, Газар эзэмшлийг шилжүүлэх ажил үе шаттай явагддаг. Процессийн ажиллагаа явж байгаа. Одоо хүчингүй болгох төсөл нь бичигдээд, түүнээс өмнөх процесс хийгдээд дуусчихсан гэсэн үг. Эхлээд ААН-ийн эзэмшилд байгааг нь хүчингүй болгоод, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нийтийн эдэлбэрт авах ажлыг тусад нь хийнэ. Тэгэхээр он дуусахад тэр газар нийтийн эдэлбэр болно.
-Барилга барих гэж байна гэсэн асуудал дээр?
–Тийм зүйл байхгүй, бүгд цуцлагдаж байгаа. Газрын эрх цуцлагдангуут давхар барилга барих эрх нь цуцлагддаг. Тэгэхээр тун удахгүй ирэх долоо хоногийн сүүлээр эсвэл тэрний дараа долоо хоног гэхэд газар эзэмшлийн эрх цуцлагдана. Нэг сарын дотор бид ХБХ хийж цуцалсан шийдвэрээ гаргана.