Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Монголын бөх ОУХМ Б.Болортуяа өчигдөр орой эхорондоо ирлээ. Түүнийг угтан авахаар гэр бүлийн гишүүд, багш, дасгалжуулагчид болон хамаатан садан нь хүрэлцэн ирсэн юм.
“Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Бат-Очирын Болортуяа Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд олимпоос медаль хүртсэн 10, эмэгтэйчүүдээс хоёр дахь тамирчин болсон юм.
Олимпын хүрэл медальт Б.Болортуяа: Сэтгэл маш өндөр байна. Олимпын 10 дахь медалийг авсандаа маш их баяртай байна. Би Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багшийнхаа Дэлхийн аваргын 10 дахь медалийг авсан. Олимпын дэвжээ бол амар зүйл биш. Шилдэг 16 бөх барилддаг, тэнд амар тамирчин байхгүй. Сэтгэл зүйгээ маш өндөо түвшинд бэлдсэн. Багш нар маань итгэж урмын үг хайрласан болохоор багш нарынхаа итгэл, урмын үгээр тэтгэгдэн дэвжээн дээр гарч барилдсан.
Дэвжээнээс бууж ирээд медаль зүүгээд зогсох үед өөртөө итгэж өгөхгүй ингээд би олимпын медальтан болчихлоо гэж үү гээд сэтгэгдэл өндөр байсан. Дэвжээн дээр гарахдаа багш нартайгаа байнга утсаар холбогдож, барилдаан тактикаа ярьж байсан. Намайг амарч байх үед багш нар маань бичлэг үзэн одоо ийм барилдаантай юм байна, ингэж барилдаарай гэж хэлсэн. Сүхээ багш маань видео дуудлага хийж утасны цаанаас өрсөлдөгчийн маань оронд өөрийгөө тавьж барилдаж үнэтэй зөвлөгөөнүүд өгсөн. Багш нарынхаа зөвлөгөөг дагаж барилдан энэ медалийг авсандаа баяртай байна.
Манай есөн тамирчин олимпын эрх авч очиэ эхнээсээ бүгд медаль авах бүрэн боломжтой байсан. Харамсалтайгаар хожигдон сүүл рүүгээ эмэгтэй хөнгөн жин рүү ороод медалийн хүлээлт ихтэй байсан.
Чөлөөт бөх гэдэг бол чөлөөтэй барилдахын илэрхийлэл. Авхаал, самбаатай, хурдтай, хүчтэй, биеэ чөлөөтэй тэсрэлттэй байлгах нь чухал. Дэвжээн дээр зургаан минут л барилдана. Өдөрт дэвжээн дээр хоёр цаг гаруй хийдэг учраас дэвжээн дээрх тэр зургаан минутыг үр дүнтэй хэзээ ч харамсахааргүй бүх зүйлээ дайчилж барилдахыг хүсдэг. Тиймээс дэвжээн дээрх зургаан минутыг ашиглан тэвчээртэй, тэмцэлтэй байгаараа гэж хэлмээр байна. Би шантарч байгаагүй. Шигшээ багийнхаа ах, эгч нараас үлгэр дуураилал авдаг. Эрэгтэйгээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, О.Бурмаа, О.Насанбурмаа нараасаа их үлгэр дууриалал авч барилддаг. Мөн ДАШТ-ний мөнгөн медальт Б.Оюунсүрэн багш маань байна.
Түүний эцэг эх нь "Охин маань маш сайн барилдсан. Сэтгэгдэл өндөр байна. Тэмцээнд явахаас нь өмнө медаль авчих байх гэсэн итгэлтэй байсан. Тэмцээний өмнөх өдөр охинтойгоо утсаар ярилцаж, өөртөө итгэлтэй байхыг зөвлөсөн. Манай охиныг дэмждэг бүх хүмүүст талархсанаа илэрхийлье" гэлээ.
Б.Болортуяагийн нөхөр: Би өөрөө барилддаг хүн болохоор өөрийнхөө эхнэрийнхээ барилдааныг ч мэднэ. Яг барилдаж байх явцад нь өөрөө бараг цуг барилдсан. Гэрт байгаа хүмүүсээ бүгдийг нь гаргаж байгаад өөрөө ганцаараа бараг өөдөөс нь барилдаад. Хөдөлгөөнтэй л үзсэн дээ. Баярлахаар амнаас үг гарахгүй зүгээр л сайхан хашхирмаар санагдаад байдаг юм билээ.
Жин хасах үед манай хүн хоол унд, идэж уух зүйлсээ хасна. Тэр болгоныг нь дэмжээд манай гэр бүлийнхэн хажууд нь байхдаа юм уухгүй, идэхгүй адилхан л жингээ хасаад явцгаадаг.
Би өөрөө сая шигшээгийн бэлтгэлд хамрагдаад, сүүлийн 14 хоногийн бэлтгэлд хамрагдаагүй. Миний туслалцаа ч гэж юу байх вэ. Манай шигшээ багийн хамт олны, манай Т. Сүхбаатар багшийн хөдөлмөр. Тийм том хүмүүс хажуугаас нь дэмжлэг болж байхад би бол харахаас цаашгүй байсан гэх юм уу даа.
Эхнэртэйгээ анх 2014 онд хамтарсан бэлтгэлийн үеэр танилцаж байсан. Ирээдүйн төлөвлөгөө гэвэл эхнэртэйгээ хамт улсын аварга, дэлхийн аварга, олимпын наадмын тэмцээнд оролцохыг хүсэж байна. Тиймээс бэлтгэлээ сайн хийнэ. Есдүгээр сарын эхэнд улсын аваргын тэмцээнд оролцоно" гэлээ.