ОХУ-ын нутаг, Якутын ойд удаан хугацаанд дэгдэж буй түймрийн утаа Улаанбаатар хотод орж ирээд буй. Өнөөдрийн байдлаар Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар, Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр түймрийн утаа тархсан байдалтай байна.
Үүнийг дагаад агаарын чанарын индекс муудаад байгаа. Учир нь утааны найрлагад маш жижиг хэмжээний тоос тоосонцор болон хорт хийнүүд агуулагддаг. Эдгээр нь хүний уушгины гүнд нэвтэрч, хамгаалах чадварыг бууруулснаар амьсгалын замын эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд болон гуурсан хоолойн багтраа, уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний архаг дутагдал гэх мэт архаг суурь өвчтэй хүмүүс утааны нөлөөнд илүү мэдрэг байдаг. Тэдэнд суурь өвчин сэдрэх, шинээр амьсгалын замын үрэвсэлт өвчин тусах магадлал нэмэгдэнэ. Мөн тав хүртэлх насны хүүхдийн уушгины хөгжил сул байдаг учир утааны найрлага дахь тоосонцорт маш мэдрэг байдаг учраас эцэг эхчүүд аль болох бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг эмч, мэргэжлийн байгууллагынхан анхааруулсаар байгаа юм.
Хэрэв зайлшгүй шаардлагаар хүүхдээ гадуур дагуулж явах бол N99, N95 маркийн утааны шүүлтүүртэй амны хаалт зүүх хэрэгтэйг санууллаа. Мөн та өөрийгөө ч утаанаас энгийн амны хаалтаар бус N99, N95 маркийн утааны шүүлтүүртэй амны хаалт зүүж хамгаалаарай. Цар тахлын үед бидний өргөн хэрэглэж байгаа энгийн цэнхэр амны хаалт энэ утаанаас хамгаалахгүйг эмч нар анхааруулсан юм. Мөн бага насны хүүхдүүдээ гадуур дагуулж явахдаа аль болох тэвэрч, өргөж явах нь зүйтэй. Учир нь хүүхдийг өөрөөр нь алхуулахад хүүхдийн амьсгалах түвшинд хорт хийн агууламж илүү өндөр байдаг. Мөн гэртээ агаар шүүгч тавьж, гэрийн дотоод агаарын бохирдлоос ч мөн давхар сэргийлэх хэрэгтэй.
Өнөөдөр өглөө бага зэргийн бороо орж, утаа харьцангуй шингэрлээ. Гэхдээ ирэх бямба, ням гарагт өмнө зүгээс халуун агаарын урсгал орж ирснээр говийн бүс нутгаар 33-35 хэм дулаан, төвийн болон зүүн аймгуудын нутгаар 30-33 хэмд хүрч халахаар байгаа. Иймд цаг агаарын халалт, түймрийн утаа ч тодорхой хэмжээгээр байх тул эдгээр өдрүүдэд амьсгалын замын болон зүрх судасны өвчлөлтэй хүмүүс, өндөр настнуудын эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж, халуун наранд гадагш гарахгүй байх, дотор орчинд сэрүүн газар байхыг эрхэмлээрэй!