Монгол, гадаад уран бүтээлчдийн хамтарч бүтээсэн Sleepless богино хэмжээний кино Италийн кино наадмаас дахин нэг шагнал хүртлээ. Энэ нь тэдний бүтээл олон улсын кино наадмаас хүртсэн 11 дэхь тэргүүн шагнал юм. Тодруулбал, Ирланд, Аргентин, Испани, Итали, Герман, Малайз, Нидерланд гэсэн орны 11 кино наадмаас шагнал хүртээд байна.
Энэ талаар туслах найруулагч А.Миеэгомбо,
“Анх Английн дуучин Ново Амор бидэнд богино хэмжээний кино маягийн клип хийж өгөөч гэх саналыг тавьж байсан юм. Ингээд тухайн дуучны дуулдаг чиглэлийг судлаад үзэхээр дэлхийн дулаарал байгаль орчин устан мөхөж байгаа агуулгын хүрээнд голцуу дуулдаг. Улмаар ийм агуулгатай клип хийхээр төлөвлөж байсан. Эхэндээ клип гэж байгаад, хоёр клипийн зохиолыг богино хэмжээний кино маягаар бичсэн. Өөрөөр хэлбэл хоёр янзаар ашиглъя гэж шийдсэн.
Монгол утаа, агаарын бохирдлоороо дэлхийд нэгт эрэмбэлэгдэх болчихсон байна шүү дээ. Энэ чиглэлээр богино хэмжээний кино байтугай бүрэн хэмжээний кино ч хийж болохоор сэдэв гэж үзсэн юм. Зураг авалтаа бид Улаанбаатар, Налайх, Хөвсгөлийн Цагаан нуур сум буюу цаатнуудын амьдардаг баруун тайгад 20 хоногийн турш хийсэн. Киноны үйл явдлын хувьд, утааны улмаас уушгины хүнд өвчтэй болсон охиноо утаанаас холдуулахын тулд өөрийн амьдрал бизнесээ хаяад, нүүрсний уурхайд ажилладаг байсан аав нь охиноо аваад Хөвсгөлийн тайга, цаатангууд дээр очиж амьдардаг. Ингээд охины бие нь илааршина. Гэвч амьдрахын эрхэнд буцаад утаатай хотдоо ирэхээс өөр аргагүй болж байгаа ийм зохиомжоор хийсэн кино юм. Нэг талаараа шүүмжлэлтэй хандсан гэсэн үг.
Гадаад, Монголын хамтарсан уран бүтээл яагаад амжилт гаргаад байдаг вэ гэхээр, нэгдүгээрт хөрөнгө мөнгө. Манай Sean lin гэх Сингапурын продюсер бүх зардал мөнгөө даасан байгаа. Хоёрдугаарт цаг хугацаа. 2018 оны 2 дугаар сараас эхэлж ажилласан. Энэ ажлын маань зураг авалт 12 дугаар сард эхлээд, 2019 оны 5 дугаар сард албан ёсны нээлтээ хийсэн. Тэгэхээр хугацаа зарах хэрэгтэй.
Харин авъяас чадвар, хэлбэр хийц, харж байгаа өнцгийн хувьд бид дутахгүй. Гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллах давуу тал нь тэдний холбоо, харилцаа, эргэх холбоон дээр тулгуурлаж амжилт гардаг тохиолдол бий” гэлээ.