"Улаанбаатар төмөр зам" ОХУ, Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долдугаар сарын 18-нд хүнд өвчний улмаас таалал төгссөн. Тус байгууллагын даргыг ОХУ-тай зөвшилцөн томилдог. Тиймээс манай улс хэнийг уг албан тушаалд томилуулах саналаа ОХУ-д илгээжээ.
Өнөөдөр Засгийн газраас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэхүү асуудлын талаар "Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу бол даргаа хоёр талаас гурав гурван жилээр ээлжлэн томилох ёстой. Гэхдээ 1949 онд "Улаанбаатар төмөр зам" байгуулагдсанаас хойш 1991 он хүртэл Орос даргатай байсан. Түүнээс хойш өнөөг хүртэл хоёр жилд нь л Орос даргатай байсан. Бусад хугацаанд нь манай талаас томилогдсон дарга нар удирдсан. Бид "Улаанбаатар төмөр зам"-ын даргад тус нийгэмлэгийн орлогч дарга Ц.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлсэн саналаа ОХУ-д илгээсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна" гэлээ.