Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа.
Тэрбээр "2019 онд Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гарч, Тавантолгойгоос Шивээ-Овоо хүртэл коксожсон нүүрс тээвэрлэх маршрутыг баталж өгсөн. Үүний дараа 2020 оны хавар орон нутгийн иргэдээс тоос ихтэй, зам эвдэрч байна гэсэн цөөнгүй санал ирсэн. Ингээд 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд Зам тээврийн хөгжлийн сайдын тушаал гараад өмнөх тушаалыг хүчингүй болгосон.
Тэр үед тухайн замыг нээх хүсэлт гаргасан хуулийн этгээд, ААН-үүдээс Зам, тээврийн сайд тушаалаа хүчингүй болгосон нь буруу үйлдэл боллоо гээд шүүхэд өгсөн. Энэ оны дөрөвдүгээр сарын 20-нд Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Тэр нь 2020 онд цуцалсан тушаалыг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл тээвэр явах эрх нь нээгдсэн. Энэ үед орон нутгийн байгууллагуудаас тоосжилт ихтэй, хяналтгүй байна гэсэн асуудал тавьж байсан учраас Баянзам тээвэрчдийн холбоо гэдэг ТББ-тай Зам, тээврийн хөгжлийн яам гэрээ байгуулсан.
Баянзам тээвэрчдийн холбоо гурав, дөрвөн үүргийг яамны өмнө хүлээсэн. Үүнд,
- Нэгдүгээрт , олон салаа зам гаргахгүй.
- Хоёрдугаарт, замын нөхцөл байдлыг байнга арчилна.
- Гуравдугаарт, тэр замын дагуу тодорхой постууд ажиллуулж явж байгаа жолооч нарт хяналт тавина.
- Дөрөвдүгээрт, төв суурин газруудаар явуулахгүй.
- Тавдугаарт, тоосжилтыг дарж байнгын усалгаатай явна гэсэн үүргийг авсан.
Үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлээд явж байгаа. Өчигдөр мэдээлэл хийсэн хүмүүс нь ташаа мэдээлэлтэй байх шиг байсан" гэв.