Өмгөөлөгч Л.Батжав ирэх аравдугаар сарын 10-нд болох Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөх хүсэлтээ өнөөдөр МАН-ын удирдах зөвлөлд хүргэж байгаа талаар мэдэгдлээ.
Тэрбээр "Өмнөх сонгуульд миний бие хуульчийнхаа хувьд Хэнтий нутгийн иргэдийн итгэлийг хүлээхээр дэвшихээр ажиллаж байсан. Гэвч тухайн үед МАН-ын удирдлагууд дуудаж уулзаж, Хэнтий нутгийн төлөө санал солилцсон. Намд элсэх санал тавьсны дагуу миний бие МАН-д өнгөрсөн жил элссэн.
Орон нутгийн сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийг дэмжиж ажилласан. Харин энэ удаагийн нөхөн сонгуульд намаасаа нэр дэвшихээр удирдах зөвлөлдөө хүсэлтээ илэрхийлээд байна" гэлээ.
Өмгөөлөгч Л.Батжав УИХ-ын гишүүнээр сонгогдвол авлига хээл хахуультай тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Авлигатай тэмцэхийн тулд авлигын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай. 20 жил аль эсвэл бүх насаар нь хорих зэргээр авлигын гэмт хэрэгт оногдуулах ялыг өндөрсгөвөл энэ төрлийн гэмт хэрэг буурна хэмээн тэрбээр үзэж буй юм.
Нөхөн сонгуульд нэр дэвших асуудлаар намын удирдлагуудтай уулзсан бөгөөд социологийн судалгааны үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргана гэдгийг хэлжээ.