Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Хуралдаанаас гарсан ургац хураалт, Богд хан төмөр замын бүтээн байгуулалт, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудлуудыг холбогдох сайд нар мэдээлэл хийж байна.
Ургац хураалттай холбоотой асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр "Ургац хураалттай холбоотой авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолууд гарлаа. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад улсын дунджаас өндөр ургац хурааж авах төлөвлөтэй харагдаж байна. Хэдийгээр ковидийн цар тахал үед хаврын тариалалтыг эхлүүлсэн ч манай хувийн хэвшил, ногоочид, тариаланчид намрын ургац хураалт авах цаг үе дээр ирээд байна.
Энэ онд 616 мянган га газар үр тариа тарьсан. Үүний 416.8 мянган га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянга га-д хүнсний ногоо, 86.4 мянган тосны ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан.
Газар тариалангийн компаниуд ажилгүй иргэд, оюутнуудыг тариа, ногоо хураалтад ажиллуулах хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнууд, цэргийн албан хаагчид, аж ахуйн иргэдийг ургац хураалтад хамруулах Засгийн газрын тогтоол гарлаа. Үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш.
Аж ахуйн нэгжүүд тухайн иргэдтэй хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад үнэ хөлсөө тохирч ургац хураалтад бүх нийтээрээ оролцох шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүдэд 8000 орчим ажлын байр хэрэгтэй байгаа. Өдөрт дунджаар 50 мянган төгрөгийн цалин урамшуулалтайгаар ургац хууралтад ажиллуулахад бэлэн байгаа гэдгээ газар тариалангийн компаниуд илэрхийлсэн" гэлээ.