Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-ээс эхлүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Шийдвэр гарснаас хойш зах, худалдааны төвүүдийн хөл хөдөлгөөн ихсэж, эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас зэргийг цуглуулаад эхэлжээ. Бид Хархорин худалдааны төвийг зорин хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, хүүхдийн хувцасны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Тус худалдааны төвийн гадаах зогсоол хөл тавих зайгүй болтлоо хүн, машинаар дүүрэн байв. Худалдааны төвийн хоёр давхрын бичиг хэргийн хэсэг болон гурван давхрын дүрэмт хувцасны хэсэг олны хөлд хэдийнээ дарагджээ.
Энд тэндгүй л “Цэнхэр цамц чинь багадчихсан уу, өмдөө энэ жилдээ дахиад өмсчих өө”, “Одоо форм авья даа, хичээл эхлэхээр формгүй явалтай биш. Дунд ангийн эрэгтэй хүүхдийн форм хосоороо хэд вэ?”, “Цэнхэр цамц дангаар нь зарах уу”, “ Пөөх, юмны үнэ овоо нэмэгджээ, энэ пүүз өнгөрсөн жил 45000 гэж байсан одоо 70000 төгрөг гэж байна шүү дээ”, “Ээж, зангиа байгаа шүү дээ” гэх мэт ярилцана.
Хичээлийн бэлтгэл хийж яваа хүмүүс андашгүй. Шинэ цүнх үүрч, дүрэмт хувцас, дэвтэр бал гээд хичээлийн хэрэгсэл дүүрэн тортой давчуухан зайд багтаж ядан зөрөлдөнө. Ихэнх нь хүүхдүүдээ дагуулан “Хурдан алхаач”, “Үүнийг өмсөөд үз миний охин”, “Нааш ир битгий ийш тийш гүйгээд бай” гээд л халдвар хамгааллын дэглэм сахиж, зай барих гэдэг асуудал энд алга. Тэр бүү хэл гадаа суунаглах түймрийн утааг ч үл тоон хүүхдээ дагуулан явах аж.
Худалдаа эрхлэгчид “Хичээл орох шийдвэр гарснаас хойш л хүмүүс бужигнаж эхэлсэн. Хэд хоногийн өмнө гэхэд бараг хүнгүй шахуу, хөл хөдөлгөөн бага, тайван байсан. Өнөөдөр бол хүн их маш их байна” гэлээ.
Хархорин худалдааны төвд хичээлийн хэрэгсэл цуглуулж буй эцэг эхчүүдийн амнаас “Хүүгийн өнгөрсөн жил авсан дүрэмт хувцас өмсөөгүй байж багадсан шүү дээ”, “Дэвтэр, балны үнэ өссөн байна шүү” гэх яриа хэдэнтээ дуулдлаа.
“Би 3, 7 настай хоёр хүүхэдтэй. Хүү маань одоо гуравдугаар ангид орно. Анх нэгдүгээр ангид ороход авсан дүрэмт хувцас нь огт өмсөөгүй, байж багадчихсан. Бараг л цэцэрлэгээсээ гуравдугаар ангид орж байна гэж хэлж болно. Одоо дахиад дүрэмт хувцас авах нь. Хувийн сургуульд сурдаг болохоор заавал бүтэн хосоор нь авах шаардлагатай гэсэн. Хичээлийн хэрэгслийн үнэ өмнөх жилүүдээс өссөн харагдаж байна. Одоо нэгэнт хичээл эхлэхээр болсноос хойш хичээлийн хэрэгсэл цуглууллаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гээд чухал шаардлагатай зүйлсийг нь түрүүлээд авсан”
“Хүүхдийн хичээлийн хэрэгслийн үнэ багадаа л 1000-3000 төгрөгийн хооронд өсжээ. Сургуулийн насны гурван хүүхэдтэй. Гурвуулангийнх нь дүрэмт хувцас багадчихсан. Шинээр авахад бас хэцүү л байна. Дан цэнхэр цамцтай нь явуулж байгаад бүр болохгүй бол хуучин дүрэмт хувцсыг нь янзлаад өмсгөнө дөө. Дан цэнхэр цамц өнгөрсөн жил 15 мянгатай байсан. Одоо доод тал нь 18 мянга болсон гээд үнийн өсөлт мэдрэгдэж байна шүү”
“Хүүхдийн хичээлийн хэрэгслийн үнэ их өссөн байна. Дүрэмт хувцасны үнэ харьцангуй гайгүй байна. Харин гутал, цүнх, пүүзний үнэ өнгөрсөн жилээс хоёр дахин нугалсан үнэтэй байх юм. Ямартай ч дунд ангийн хүүхдэдээ дүрэмт хувцсыг нь авчихлаа. Бага ангийн хүүхдийнхийг нь харж байж болъё гэж бодоод явж байна”