365 өдрийн өөр мэдрэмж, өнгө аяс, сэтгэл хөдлөлийг цаасан дээр буулгасан NOTES үзэсгэлэнг бид онцолж байна. Цар тахал уран бүтээлчдэд хүндхэн туссан ч, аливаа зүйл олон талтай байдгийн адилаар хөл хорионы үеэр дотоод мэдрэмжээ уудлан бүтээл болгож үзэсгэлэнгээ гаргаад буй нь энэ юм. Уран бүтээлч хоёр бүсгүй нийлэн өөр өөрсдийн өвөрмөц шинж төрх, үнэ цэнийг шингээсэн орчин үеийн давтагдашгүй хэв шинжит бүтээлийн талаарх мэдээллийг уншигч та хүлээн авна уу.
Энэ талаар уран бүтээлч Ц.Солонго
“Үзэсгэлэн маань хамтарсан уран бүтээл. н.Энхтуяа найзтайгаа нэг жилийн турш хамтарч ажилласан юм. Уран бүтээлч хүн тасралтгүй бүтээх ёстой. Түүнийхээ төлөө зорих ёстой шүү дээ. Нэг жилийн хугацаанд мэдэрсэн бүхий л мэдрэмжээ цаасан дээр буулгая гэж зорьсон. Сонин сонирхолтой зураглал шүү дээ. Мэдрэмж гэдэг тухайн хүнд өөрт нь бодитой байдаг болохоос биш бусдад хийсвэр байдаг. Тэрхүү хийсвэр зүйлээ хэрхэн яаж тэмдэглэх вэ гэж бодсоны эцэст абстракт уран бүтээлийн төрлөөр бүтээе гэж бодсон юм. Хүн нэг зан ааштай боловч өдөр бүр хүний дотоод ертөнц өөрчлөгдөж байдаг. Тэр бүхнийг л бодитоор тэмдэглэхийг хүссэн.
Миний бүтээлүүд дотор маш сайн болсон тэмдэглэлүүд ч бий. Муу болсон тэмдэглэлүүд ч бий. Энэ чинь л бидний амьдрал шүү дээ. Бодит болон хийсвэр зүйлийн огтлолцлыг sound art дээрээ тусгаж үзэсгэлэнгээ ойлгомжтой болгосон” гэлээ.
Харин хамтарч үзэсгэлэнгээ гаргасан зураач Б.Энхтуяа
“Миний хувьд анх бор цаасан дээр өөрийнхөө бодол санаа агуулаагүй зургуудаа буулгаж эхэлсэн. Түүнийгээ илүү сонирхолтой болгох үүднээс үйлдвэрийн хаягдал бор цаасан дээр зурах санаа төрсөн юм. Уламжлал болсон материал дээр биш дахин ашиглах минималист хэрэглээг нэвтрүүлэхээр туршиж үзсэн гэсэн үг. Бор цаас маань надад эрх чөлөөтэй орон зай мэт санагддаг. Эрх чөлөөтэй байна гэдэг нь урлагийн мөн чанар шүү дээ.
Аливаа бүтээлд анх бодож байсан санаа устахаас эхлээд асуудлууд тулгарч эхэлдэг. Гэсэн ч төгс төгөлдрийг хайснаар чөлөөтэй байх боломжгүй болдог учраас хүссэнээрээ зурж бүтээхийг хүсдэг” хэмээн ярилаа.