Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдэд 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцлээ. Ээлжит тайлангийн хурлыг үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ахлуулсан, чиглэл хариуцсан орлогч болон газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг зохион байгуулж, бүтцийн нийт 32 нэгжийн хагас жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт, санал зөвлөмж өгөв. Мөн дараагийн хагас жилд хэрэгжүүлэх үүрэг даалгавар, бодлого чиглэлийг тодорхойлсон байна. Үйлдвэрийн цех нэгжүүд 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа 88.9-98.3 хувийн үзүүлэлттэй хамгаалжээ. Хамгийн өндөр үзүүлэлт буюу 98.3 хувийн үнэлгээг Баяжуулах үйлдвэрийн хамт олон авч, хагас жилийн ажлаа үнэлүүлэв. Хуралд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн оролцож, цехүүдийн тайлан хамгаалалтыг сонсож, цаашид анхаарах асуудлууд дээр санал дүгнэлт, үүрэг чиглэл өгсөн байна. Түүнчлэн, энэ удаагийн үйл ажиллагааны тайлангийн хурлаас хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр өгөөжийг тооцох аргачлал боловсруулах, үйл ажиллагааны үр дүнд эдийн засгийн бүрэн дүн шинжилгээ хийж, дүгнэх зэрэг ажил зохион байгуулахаар шийдвэрлэснийг Эдийн засгийн хэлтсийн дарга Д.Нарантуяа онцлов.
Эрдэнэт үйлдвэр “Ковид-19” цар тахлын үеийн хямралыг эрсдэл багатай даван туулах зорилгоор менежментийн олон талын арга хэмжээ авч ажиллаж байна. 2020-2021 онд хэрэгжүүлж буй “ковид”-ын эсрэг авах арга хэмжээний хөтөлбөрийн үр дүнд цех нэгжүүд энэ оны эхний хагас жилийн байдлаар өндөр хэмнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг зардлыг 3 хүртэл хувиар бууруулсан дүнтэй байгааг Эдийн засгийн хэлтсээс мэдээллээ.
М.Балжинням