Авто тээвэр, авто замын мэргэжлийн холбоод, тээвэрчдийн төлөөлөл өнөөдөр ЗТХЯ-ны үүдэнд мэдээлэл хийлээ. Тэд ЗТХ-ийн сайд Л.Халтарын хууль бус гэрээ, үйлдэл гэх асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэн шаардлага хүргүүллээ.
Авто тээврийн мэргэшсэн инженер Ж.Энхбат: Манай салбарын үйл ажиллагаа доголдож байна. Л.Халтар сайд төрийн чиг үүргийг ТББ-д шилжүүлсэн нь хууль бус ноцтой үйлдэл. Улсын чанартай авто замыг Баян зам хоршоо гэдэг ТББ-д ЗТЯ чиг үүргийнхээ дагуу гэрээ байгуулж төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн нь өөрөө хууль бус ноцтой гэрээ гэж би үзэж байна.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 замыг Баян зам хоршоо гэдэг ТББ-д шилжүүлсэн гэрээ нь хууль бус. Тус зам дээр QR код аваагүй бол улсын замаар зорчих эрхгүй болжээ. Жолооч нараас хураамжийн мөнгө авч байна.
Төрийн чиг үүргээс давсан хураамжийг жолооч нараас авч байна. Долоо хоногийн дотор гэрээг цуцлахгүй бол хууль эрхзүйн байгууллагад хандана. Энэ хууль бус гэрээг гуравдугаар сард хийсэн. Гэрээ хаалттай нууцын зэрэглэлтэй байсныг бид долоодугаар сарын 26-нд олж авсан. Бид хуульчидтай сууж ажиллан энэ гэрээ олон үндэслэлээр хууль бус байгаа учраас энэхүү шаардлагыг хүргүүлж байна.
Энд би гэрээний ноцтой зүйл заалтыг танилцуулья. Баян зам ТББ нь зам засвар, арчлалт хариуцсан нэрийн дор туслан гүйцэтгэгчээр дамжуулан их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж, нүүрс худалдан авагч, тээвэрлэгч байгууллагуудын үндсэн дээр тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэлд тээвэрлэх нүүрс худалдан авах гэрээ байгуулсан тээвэрлэгч бүрээс 120 сая төгрөг, тээвэрлэлтийн тонн тутмаас 5300 төгрөг, нэг ирис тутмаас 444 мянган төгрөг, QR код олгох нэрийдлээр пост бүрээс зардал авч байна. Энэ нт төрийн чиг үүргээс давсан эрх мэдэлтэй, хууль бус татвар хураамж тээвэрчдээс авч байна гэж үзэж байна. Энэ нь Засгийн газрын тухай хууль, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөлгүйгээр ЗТХЯ, өөрийн харьяа Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-уудын дүрэмд заасан үндсэн чиг үүргийн дийлэнх ажлуудыг дээрх ТББ-д гэрээ байгуулах замаар олгосон нь Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг удаа дараа ноцтой зөрчсөн хууль бус гэрээ гэж үзэж байна. Тус гэрээг цуцлах шаардлагыг бид өнөөдөр ЗТ-ийн сайд Халтарт өгнө. Энэ гэрээг долоо хоногийн дотор цуцлахгүй бол бид ЗТХЯ-ны гадаа, Чойр, Өмнөговь аймгийн Цогтцэций чиглэлд хууль бус гэрээ байгуулсан асуудлаар хууль хяналтын байгууллагад хандана.
ЗТХ-ийн сайд Л.Халтар өнөөдөр олон асуудал зөрчиж байна. Дарханы зам өнөөдрийг хүртэл ашиглалтад бүрэн ороогүй байна. Мөн Замын-Үүдийн ачаа тээврийн асуудал дээр ЗТХЯ хариуцлагагүй, зохион байгуулалтгүй ажилласан алдаанаас болж, өнөөдөр Монгол Улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэв.
Иймд Л.Халтар сайдыг нэн яаралтай зөрчил, алдаа дутагдлаа арилган энэхүү хууль бус гэрээг цуцлахын тээвэрчдийнхээ өмнөөс шаардаж байна. ” хэмээн мэдээллээ.