Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын авто замаас авто цогцолбор хүртэлх 1.5 км авто зам болон нүхэн гарцын ажлын явцыг шалгалаа.
Төслийн хүрээнд тус замыг 1.5 км урт, 14 метр өргөн, дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолойтой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, автомашин, явган зорчигчдод зориулсан нүхэн гарцтай байхаар төлөвлөжээ.
Одоогоор 1.1 км авто замын асфальт-бетон хучилтыг хийж, 700 метр газарт явган замын хавтан суурилуулсан, зам барилгын ажлын явц 40 хувьтай байна.
Аравдугаар сард бүрэн дуусгах аж. Түүнчлэн нүхэн гарцын хийц эдлэлийг урьдчилан бэлтгэж, угсралтын бэлтгэл ханган, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс цонх авахаар хүлээж байна.
Тус зам ашиглалтад орсноор Орбит, Тахилт болон 22-ын товчоо чиглэлийн авто замыг холбосон шинэ холбоос зам үүсгэнэ.
Түүнчлэн хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг багасгаж, жигд хуваарилах ач холбогдолтой авто зам, нүхэн гарцын бүтээн байгуулалт юм.