ОХУ-ын Красноярскийн хязгаар, Эрхүү, Буриад, Забайкальскийн нутгаар бороо орж байгаа боловч Саха улсад дэгдсэн ой хээрийн түймэр намжих утаа нь манай орныг бүрхээд байгаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанрыг мэдээлдэг 12 цэгийн 9 цэгт нь агаар бага бохирдолтой гарлаа.
Тиймээс өнөөдөр Улаанбаатарт агаарын чанар тааруу хэвээр, Лхагва гарагын үдээс хойш хүртэл мөн иймэрхүү байх бололтой.
Маргааш үдээс хойш нийслэлд орчимд утаа бага зэрэг сарних төлөвтэй байна.
Нийслэл хотыг бүрхсэн түймрийн утааны улмаас агаарын бохирдол нүдэнд харагдахуйц хэмжээгээр өөрчлөлт орсон байна. Ийм үед агаарын давхаргын доогуур тоосжилт их байдаг учраас энэхүү тоосжилтод хүүхдүүд хамгийн их өртдөг аж. Учир нь энэхүү тоосжилт нүдэнд харагдахгүй. Иймд иргэдийг бага насны хүүхдийг гадуур дагуулж явахгүй байхыг мэргэжлийн байгууллагынахн зөвлөж байна. Мөн хоолойгоо давс, соданы уусмалаар зайлах шаардлагатай. Зайлшгүй тохиолдолд хүүхдээ дагуулж яваа бол амны хаалтыг тогтмол зүүлгэх хэрэгтэй. Иргэд аль болох гэрээсээ гарахгүй байж, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, утааны саармагжилт арилтал цонхоо онгойлгохгүй, бүр шаардлагатай бол утаа багассан үед агаар сэлгэлтийг богино хугацаанд хийх хэрэгтэйг анхаарууллаа.
Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заавал агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг.