Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс өдөр бүр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байгаа. Өнөөдөр Авто Тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын дарга Ж.Сүхбаатар жолооч нартай байгуулж буй хариуцлагын гэрээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Замын-Үүд суманд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс хэд хэдэн шийдвэрүүдийг гаргаж, ажил хэрэг болгоод явж байна. Энэ сарын 5-ны өдөр тус зөвлөлөөс гаргасан ачаа тээврийн үнийг тогтворжуулах шийдвэрийн дагуу БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх ачаа тээвэрлэлтийн үнийн дүнг 10 саяас хэтрүүлэхгүй байх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна.
Үүний хүрээнд наймдугаар сарын 5-ны өдрөөс хойш 700 гаруй жолооч нартай гэрээ байгуулаад байна. Мөн гэрээ байгуулсан 400 гаруй тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтэрсэн. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдэд гэрээнийхээ хүрээнд ажилласан эсэх дээр хууль хяналтын байгууллагынхан хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
Хариуцлагын гэрээний 6.6-д 10 сая төгрөгөөс хэтрүүлж тээвэрлэлт хийхгүй байх, хэтрүүлж хийсэн тохиолдолд улс хооронд нэвтрэх зөвшөөрлийг тээврийн хэрэгсэл дээр зургаан сар буюу түүнээс дээш хугацаанд эрхийг нь хязгаарлахаар зааж өгсөн.
Өнөөдрийн байдлаар хилээр нэвтэрсэн 18 тээврийн хэрэгслээс 13 тээврийн хэрэгсэл гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 10 сая төгрөг дотроо тээвэрлэлтийн үнэ хөлсийг багтааж хийсэн байна. Үлдсэн тавд нь хяналт шалгалтын ажлаа зохион байгуулаад явж байна. Үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Замын-Үүд сумын боомтын зөвлөл, Эрээн хотын боомтын зөвлөлтэй хамтарч ажлуудаа зохион байгуулж байна. Энэ ажил маань тун үр дүнтэй явж байна.
Энэ хугацаанд мөн алдаа дутагдал гарч байгаа асуудлууд байна. Боомтын зөвлөлийн шийдвэрээр дараах тээврийн хэрэгслүүдийн эрхийг 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар цуцалж байна. Үүнд:
- Монгол Улсын ЗГ-ын хуралдааны тэмдэглэл гарч, улс орны эдийн засагтай холбогдолтой томоохон аж ахуй нэгжүүдийн зарим төрлийн ачаа барааг улсын хилээр оочер дараалал харгалзахгүйгээр гарах эрхийг боомтын зөвлөлд өгсөн. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр алдаа дутагдал гаргаж байгаа байгууллагууд байна. Энэ байгууллагуудын тээвэрлэлтийг, гүйцэтгэсэн тээврийн хэрэгслийн улс хооронд зорчих эрхийг 6 сараар хасаж байна. УОК-ын шуурхай штабын 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн 8509 дугаартай албан бичгээр Эрдэнэт үйлдвэрийн ширмэн хаалт ачих нэрийдлээр орж ирсэн 1031 ДГО, 4904 ДГО эдгээр тээврийн хэрэгсэл зарим барилгын материалыг ачиж орж ирсэн зөрчил гарсан. Тэгэхээр энэ хоёр тээврийн хэрэгслийн эрхийг 6 сараар хасаж байна.
- Мөн Дорноговь аймгийн Замын–Үүд сумын онцгой комисс 2021 оны долдугаар сарын 17-ы өдөр 217-р албан бичгээр авто замын хяналтын цэгт байрлуулах тээврийн хэрэгслийн гадаргуунд ариутгал халдваргүйтэл хийх байгууламжаар дамжиж гарсан тээврийн хэрэгсэл хүнсний нарийн ногоо, барилгын материал ачсан гэсэн зөрчил гаргасан. Тус 2 тээврийн хэрэгслийн улсын дугаар 0831 ДГО, 4739 ДГО гэсэн байна.
- Мөн УОК-ын шуурхай штабын 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр 8670-р албан бичгээр Эрдэнэт үйлдвэрийн галд тэсвэртэй тоосго оочер дараалалгүй тээвэрлэх хүсэлтээр 2021 оны наймдугаар сарын 01-ний өдөр улсын хилээр нэвтрүүлсэн боловч дурдсан ачаа тээврээр биш хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн зөрчил гаргасан учраас 1297 УБИ гэсэн тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар боомтын зөвлөлийн шийдвэрийг үндэслэж хасаж буйг мэдэгдье. Тэгэхээр цаашид жолооч жар энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай. Ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийн нэвтрэх зөвшөөрлийг 6 сараар хасна. Мөн эдгээр зөрчил гаргасан жолооч нарыг цаашид шалган, зорчих эсэх дээр зохицуулалт хийж байна.
Замын-үүд боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны хэлтсийн дарга Ө.Цоггэрэл “Бид өнөөдөр Замын-Үүд боомтын хил нэвтрэх цэгийн хамгийн урд байрлах Улбар шар бүсэд зогсож байна. Монгол Улсын шадар сайдын 58-р тушаалаар батлагдсан журмын дагуу Замын-Үүд боомтын Боомтын зөвлөл хуралдаад Улбар шар бүсийн халдвар хамгааллын бүсийг шинэчлэн тогтоосон. Улаан бүсэд дараах үйл ажиллагаа явагдаж байна.
- Орох гарах тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэх байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан. Энэхүү халдваргүйжүүлэлтийн байгууламжийг долдугаар сарын 20-30-ны хооронд барьж ашиглалтад оруулсан. Одоо нэвтэрч буй бүх тээврийн хэрэгслүүд халдваргүйжүүлэлтийн байгууламжаар орж байгаа. Нэг байгууламж таван тонн ус нөөцлөх савтай автомат төхөөрөмж байгаа. Байгууламж өдөрт тус бүр 500, нийт 1000 ачааны машин нэвтрүүлэх хүчин чадалтай.
- Улаан бүсэд хилийн мэргэжлийн хяналтын албаны эрүүл ахуйн улсын байцаагч нар хяналт шалгалт хийж байна. Жолооч нарын биеийн байдлыг хянадаг цэг байгаа. Энд, хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн жолооч нараас эрүүл мэндийн асуумж авч байна. Биеийн халуун үзэж байна. Харааны эс төвлөрүүлж, тухайн хүний биеийн байдлыг тандан судалж байна”
Түүнчлэн Замын-Үүд боомтын хилийн мэргэжлийн хяналтын албаны сорилтын лаборатори уртасгасан цагаар буюу 08:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Долдугаар сарын байдлаар тус лабораторид 408 дээжинд 2405 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийхэд 12 ширхэг бүтээгдэхүүнд стандартын шаардлага хангаагүй гарчээ.