Энэ сарын 07-ны 18:02 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага иржээ. Үүний дагуу БЗД дэх цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э” хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан байна.
Уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал, хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр 13 настай эмэгтэй “Э” олон тооны хутганы шархтай нас барсан, 7 настай эрэгтэй “Э” олон тооны хутганы шархтай хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргүүлэн хохирогчдын хэн болохыг тогтоожээ. Мөн гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг тогтоож гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа гэлээ.