Олимпын наадмын хамгийн их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг төрлүүдийн нэг марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр боллоо.
Эрэгтэйчүүдийн марафонд нийт 106 тамирчин оролцсоноос Ц.Бямбажав 42 км замыг 2 цаг 21 минут 32 секундэд туулан 56-р байранд орлоо. Харин 39 настай Б.Сэр-Од харамсалтайгаар бариандаа орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгалаа.
31 настай Ц.Бямбажавын энэхүү хугацаа нь түүний энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт бөгөөд нэгдүгээр байранд орсон тамирчнаас 12 минутаар хоцорсон байна.
Эрэгтэйчүүдийн марафоны алтан медалийг Кенийн тамирчин Элиуд Кипчогэ 2 цаг 8 минут 38 секундэд барианд орж хүртсэн бол Нидерландын Абди Нагэеэ 1 минут 20 секунд хоцорч мөнгөн медаль хүртжээ.
Харин Бельгийн тамирчин Башир Абди 1 минут 22 секундийн дараа барианд орж хүрэл медалийн эзэн боллоо.
Нийт 106 тамирчнаас 76 нь бариандаа орсон бол үлдсэн 30 тамирчин нь харамсалтайгаар барианд орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгасан.