Орчин цагт хүүхэд залуусын хамгийн их сонирхож байгаа спорт бол цахим спорт. Тэр ч утгаараа энэ жилийн "THE INTERNATIONAL 10" бүх цаг үеийн хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээнээр нэрлэгдээд байна.
Өнгөрсөн жил Швед улсын Стокгольм хотод болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл тус тэмцээн зохион байгуулагч улсаа солин Румын улсын нийслэл Бухарест хотноо болохоор болсон. Зохион байгуулагчид тэмцээний тоглолтуудыг тус улсын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд явуулахаар төлөвлөж байна. 55 мянган хүний суудалтай уг спортын ордон нь Румын улсын хамгийн том цэнгэлдэх юм.
"THE INTERNATIONAL 10" тэмцээний шагналын сан 40 сая америк доллар бөгөөд энэ дүн өнгөрсөн тэмцээний үеэр 34 сая америк доллар байсан юм. 2021 оны аравдугаар сарын 7-17 ны хооронд явагдах тус тэмцээнд нийтдээ 18 баг өрсөлдөнө. "THE INTERNATIONAL 10" тэмцээнд оролцож байгаа багууд ихэвчлэн олон улсын тамирчдын нэгдэл бөгөөд 17 улсын 80 тамирчин өрсөлдөх юм. Тэдний дотроос хятадын тамирчид хамгийн их буюу нийт тамирчдын 24 хувийг эзэлж байна. Тус тэмцээнийг одоогийн байдлаар 5-6 сая хүн дэлхий даяар шууд үзнэ гэсэн тооцоо байна.
Эх сурвалж: https://www.oneesports.gg/dota2/dota-2-ti10-schedule-results-format-prize/