Хоёр настайгаасаа эхэлж зураг зурж эхэлсэн М.Номунаатай ярилцлаа. Одоо 18 настай М.Номунаа хоёр удаа бие даасан зургийн үзэсгэлэнгээ гаргаж байсан авьяаслаг зураач. Тэрбээр бусдад сонсогдож, харагдахгүй ч нийгэмд байсаар байгаа охид бүсгүйчүүдийн эсрэг хийж буй гадуурхал, буруутгал, үл хүндлэл, таагүй байдалтай холбоотой маш олон хандлага үйлдлийн эсрэг өөрийн байр суурийг зургаараа дамжуулан илэрхийлэхийг хичээдэг хэмээн хэлсэн юм.
Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Номунаа гэдэг. 18 настай. Шинэ эхлэл сургуулийг энэ жил төгссөн.
Хэзээнээс зураг зурж эхэлсэн бэ? Одоогоор нийт хэчнээн зураг зурсан байна вэ?
Хоёр настайгаасаа зурж эхэлсэн. Зурсан зургийнхаа тоог алдталаа маш их зураг зурсан
Зураг зурахдаа ямар мэдрэмж авдаг вэ?
Зурахдаа маш олон мэдрэмжийг авдаг. Тайвшрал, баяр баясал, эрх чөлөөтэй байдал. Нэг мэдэхэд л орон цагийн мэдрэмжээ алдчихдаг. Ихэвчлэн одоо байгаа бодит байдлаас огт өөр ертөнцийн хүн болсон мэтээр төсөөлж тухайн төсөөлсөн дүрийнхээ юу мэдэрч, юу сэтгэж, хийж байгаа үйлдэл, нүүрний хувирлыг төсөөлөн зурдаг. Тийм болохоор дан ганц миний биш бусдын мэдрэмжийг ч өөр дээрээ тусган мэдэрдэг юм шиг. Мэдэрсэн мэдрэмжээ бусадтай биш, зургандаа буулгах дуртай.
Зураг зурж сурснаар чамд ямар боломжууд гарч ирсэн бэ?
Би их олон зүйлийг турших дуртай, бүхнийг хийж үзмээр байдаг. Баримал барих, зураг авах, богино хэмжээний бичлэг хийх, үр бүтээлтэй цагийг өнгөрөөж сурах зэрэг өөрийгөө хөгжүүлэх тал дээр зурах чадвар суурь болсон. Тэгснээр энэ бүхэн надад арай хялбар, дөхөм санагдсанаас гадна хамгийн чухал нь өөртөө итгэлтэй байхад минь их тусалсан.
Уран бүтээлүүдээрээ ямар санаа гаргахыг зорьдог вэ?
Би өнөөгийн нийгэмд өөрийн гэсэг үг үйлдлээ илэрхийлэхийг маш их хүсдэг. Бусдад сонсогдохгүй харагдахгүй ч нийгэмд байсаар байгаа охид бүсгүйчүүдийн эсрэг хийж буй гадуурхал, буруутгал, үл хүндлэл, таагүй байдал зэрэгтэй холбоотой маш олон хандлага, үйлдлийн эсрэг өөрийн байр суурийг зургаараа дамжуулан илэрхийлэхийг хичээдэг.
Чиний хувьд уран зураг гэж юу вэ?
Миний дотоод мэдрэмжийг хамгийн тодоор илэрхийлж байгаа толины тусгал.
Хэрвээ уран зураг гэж байгаагүй бол хүмүүст ямар мэдрэмж дутагдах вэ?
Аливаа дүрслэлээс авах эерэг болон сөрөг хэлэмжийг тод томруунаар төсөөлөн харах мэдрэмж үгүйлэгдэх байсан болов уу.
Уран зураг хүнийг тайвшруулдаг нэг ёсны бясалгал гэж ойлгож болох уу эсвэл зурахын тулд маш их ур ухаан шаардаж гаргах гэж санаагаа байгаа бодож их бодлогоширдог уу?
Уран зураг бол миний хувьд нэг талаасаа өөрийгөө илэрхийлэх хамгийн том орон зай, сэтгэл бодол санааны өгүүлэмж. Заримдаа би шууд л бийрээ аваад л зурж бүтээлээ туурвидаг бол зарим үед зурахыг хүсээд ч нэг ч зураас татаж чадахгүй болтлоо өгүүлэмжгүй болох үе байдаг.
Мэргэжлээ сонгох, өөрийнхөө юунд дуртайг ойлгох тийм амар биш шүү дээ. Тэгэхээр уран зургаар явах ёстой юм байна гэж бодогдуулсан зүйл юу вэ?
Одоо ч гэсэн эргэлзсээр байгаа. Гэхдээ хамгийн сайн чадах нь зүйл маань зурах гэдэгтээ итгэлтэй байна. Зурах чадвар дээрээ суурилсан өөр салбаруудыг ч сонирхож байгаа болохоор сонголт хийхэд бэрх байгаа.
Мэргэжлээ багаасаа сонирхсон зүйлээрээ сонгож байгаа болохоор үе тэнгийнхэндээ хандаж мэргэжил сонголтын зөвлөгөөг өөрийнхөө зүгээс хүргэвэл?
Би мэргэжил сонголтоо хийхдээ юун түрүүнд өөрөөсөө “Чи юуг өөртөө урт удаанаар зогсолтгүй, улам урагшилж, байнга өсөж дэвжиж хийж чадах вэ?” гэж асуусан. Тиймээс өөрийн үе тэнгийн найзууддаа зөвлөхөд нэг удаа ч болов өөрөөсөө энэ асуултыг асуугаад чин үнэнээрээ хариулаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Бага байхаасаа хойш зурсан болохоор уран зурагтай холбоотой олон дурсамж байдаг байх?
Есдүгээр ангид би хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Миний харж явдаг эгч миний зургийг хараад надтай биечлэн уулзаад намайг тэврээд гэнэт уйлчихсан. “Чиний зурсан зураг яг л намайг өгүүлэх мэт” гэж хэлж байсан. Би тэр үед ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй зүгээр зогсоод л байсан. Гэхдээ тун удалгүй тэр эгчийн нүүрэнд инээмсэглэл тодрон хэцүү ачаагаа хаясан мэт харагдахад надад үгээр хэлэхийн аргагүй тайвшрал болон гайхшрал мэдрэгдсэн. Миний зураг хүмүүст тусалж чадах итгэл болон хүч надад өгсөн. Одоо ч би тэр явдал дурсамжийг бодоод урам ордог.
Чи ямар төрлийн зургийг илүү сонирхдог вэ?
Би хурц өнгөтэй зурагнуудад дуртай. Жишээ нь Заяа зураачийн өнгөнүүд маш их таалагддаг. Гажууд бодит байдлаас тэс өөр, хүний санаанд оромгүй зургууд сонирхлыг минь маш их татдаг.
Зурж сурахыг хүсэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
Миний бодлоор хүн өөрийгөө зурж чадахгүй гэж бодох нь хамгийн том саад. Мэдээж зурахад ерөнхий мэдлэг хэрэгтэй. Гэхдээ энэ нь тийм ч том асуудал биш. Зураг бол таны тусгал. Юманд баригдахгүйгээр зоригтой зурах хэрэгтэй.
Монголд зураач болоод өөрийгөө хөгжүүлээд явахад боломж нөхцөл нь хэр байдаг вэ?
Минийхээр бол манай улс урлагийг ойлгох, үнэлэх тал дээр боломж бололцоо бага. Зах зээлийн хувьд ч тэр ялгаагүй.
Чиний хувьд хоёр ч үзэсгэлэнгээ гаргаад амжсан. Уран бүтээлд ер нь наснаас илүү мэдрэмж чухал уу энэ тал дээр чиний бодол?
Мэдрэмж болон илэрхийлэх арга нь чухал. Нас залуу гээд мэдрэмж, чадвар хангалтгүй гэсэн үг биш. Хүн бүхэн мэдрэмжтэй, бодолтой, зүрх сэтгэлтэй, илэрхийлэмжтэй.
Уран зургийг сонирхсоноор ямар ач тустай вэ?
Хамгийн түрүүнд өөрийн орон зайг бусдад зөв илэрхийлж сурдаг. Мэдээж урлагийн мэдрэмжтэй болно. Мөн дээрээс нь өнгө, зохицол, хэв шинж гээд өөрт тохирох орон зайг олж авах, тэвчээртэй тууштай байх, аливааг хурдан ойлгож хүлээж авах зэрэг давуу талууд маш олон.
Цаашдын зорилго, мөрөөдлөө хуваалцвал
Одоогоор Миний хувьд Парисийн The Louvre-д өөрийн уран бүтээлийн хажууд зургаа авахуулахыг мөрөөддөг. Харин зорилго гэвэл одоогоор би Япон улсын урлагийн сургуульд тэтгэлгээр орохыг зорьж байна.