Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл (иммунглобулин) үйлдвэрлэж эхэллээ.
2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-т өнгөрсөн 6 сард Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан очиж ажиллахдаа үйл ажиллагааг нь сэргээх шийдвэрийг гаргасан байна.
Энэхүү Иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийг ковидын халдварын хүндэвтэр шатны эрт үеийн эмчилгээнд хэрэглэх нь халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс сэргийлдэг болохыг олон орны судалгаа харуулж байгаа бөгөөд ДЭМБ-аас коронавирүсийн халдварын үед хэрэглэж болно гэж эмчилгээний удирдамждаа заасан байна.
Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг урьд нь халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байжээ.