Энэ хичээлийн жилд 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцах аж. Тэгвэл хичээл, сургуулийн үйл ажиллагаа ямар үе шатаар хэрхэн зохицуулагдаж байгаа талаар танилцана уу.
Сургуулийн өмнөх боловсрол 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Харин 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хувьд ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна. Харин Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр орно. Мөн эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас хичээллэх боломжтой.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ. Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана. Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана
Харин их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ. Хоёр дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхлэх аж.
Эх сурвалж: БШУЯ