Даяар Монгол хөдөлгөөний тэргүүн Хон Хэрээдийн Д.Энхбат өчигдөр хэвлэлийн бага хурал хийн "No naadam" хөдөлгөөнийг зохион байгуулсан хүмүүсийг эрэмдэглэж, зэрэмдэглэнэ хэмээн сүрдүүлэв. Тэрбээр “No Naadam” буюу Монгол Улсын тусгаар тогтносон баярыг тэмдэглүүлэхгүй гэсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан хүмүүстэй холбоотой мэдээллийг хүргэх, эдгээр хүмүүстэй холбоотой хэргийг хариуцагч, хохирогч байхгүй гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгохоос урьдчилан сэргийлж, албан ёсоор “Даяар Монгол” хөдөлгөөн, хөдөлгөөний тэргүүн Хон Хэрээдийн Б.Энхбат би хохирогч, хариуцагч, нэхэмжлэгчээр энэхүү мэдэгдлийг гаргаж байна. ТЕГ, ЭЦГ, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газруудад албан ёсоор шаардлага, хохирогчоор нэхэмжлэх өгсөн.
“No Naadam” хөдөлгөөнийг зохион байгуулсан “ЗОН”-ын дарга Э.Одбаяр, Т.Бат-Оргил, С.Эрдэнэ, ард нь байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга болон тэдний хүмүүс тодорхой үйлдлээр өдөөн хатгаж турхирсан байж болох баримтуудыг би олж авсан. Эдгээр баримтыг бид эхлээд ТЕГ, ЦЕГ-т өгч шалгуулна. Эдгээр байгууллага арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын Засгийн газарт хандана.
Засгийн газар арга хэмжээ авахгүй бол “Даяар Монгол” хөдөлгөөний гишүүд бид өөрсдөө тэр хууль зөрчиж байгаа иргэдийг барьж аваад, эрэмдэг зэрэмдэг болгоод, хувийн хариуцлагын арга хэмжээ авах болно гэдгээ албан ёсоор тунхаглан зарлаж байна. Үүний төлөө Хон Хэрэйд овогт Б.Энхбат миний бие болон манай залуучууд ял авч болно” гэв.
Ийнхүү хэсэг этгээд хэвлэлийн бага хурал хийж Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа иргэдийг эрэмдэглэнэ хэмээн зандалчнаар айлган сүрдүүлээд хэдэн цаг боллоо. Угтаа Даяар Монгол хөдөлгөөний зүгээс хийсэн энэхүү мэдэгдэлд дурдсан “Хүний амь нас, эрүүл мэндэд заналхийлэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг хэмээн тодорхой байгаа.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг хүлээн авч уулзсан юм. Ашгүй дээ төрийн тэргүүн цагаа олж уулзлаа, иргэдийг заналхийлсэн асуудлын талаар цаг алдалгүй арга хэмжээ авах нь гэж бодсон ч талаар болов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хүний эрх нь нийгмийн тулгамдсан асуудал болсон учраас онцгой дэглэмийн үед ч хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд ХЭҮК-оос онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” гэдгийг сануулаад л өнгөрөв. ХЭҮК ч, Монгол Улсын Ерөнхийлөгч ч энэ асуудлыг огт хөндсөнгүй.
Хэвлэлийн хурал хийж иргэд нь иргэдээ хэмлэж байхад хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой төрийн тэргүүн, Хүний эрхийн үндэсний комисст өнөөдөр энэ үйл явдал хүрээгүй гэхэд итгэмээргүй. Өчигдөр цахимаар энэ асуудал яригдан клбахаус дээр хүртэл тал талын байр сууриуд оролцсон. Хэн хүний анхаарлыг татсан эл асуудал хууль хяналтын байгууллагын чихний гадуур өнгөрлөө гэж үү. Одоог хүртэл Цагдаагийн Ерөнхий газар болон цахимд идэвхтэй байдаг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Авлигын индексийг бууруулах ажлын хэсгийн хуралд оролцох үедээ иргэд олон нийттэй харилцах төв 1111 дугаарын утсанд ирсэн гомдол саналын талаар дурдсан ч эл асуудлын талаар дурссангүй.
Иргэд нь нэгнийгээ ЭРЭМДЭГЛЭНЭ гээд хээв нэг хэвлэлийн хурал хийдэг боллоо. Юм бодох уу? Ерөнхийлөгч өө! Ерөнхий сайд аа!
Хон Хэрээдийн Б.Энхбат санамсар болгоомжгүйгээсээ бус санаатайгаар хүний амь хороосон этгээд өршөөлөөр суллагдсан. Тэрбээр өчигдөр ийнхүү дахин гэмт хэрэг үйлдэнэ гэдгээ ил цагаан зарлалаа.
Түүний хийсэн энэхүү үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн Арваннэгдүгээр бүлэгт Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд,
13.5 дугаар зүйл.Заналхийлэх
1.Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.бүлэглэж;
2.2.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байна.
Гэтэл хууль, хүчний байгууллагынхан одоог хүртэл түүний ямар нэгэн арга хэмжээ авсангүй.
Өнөөдөр хэн дуртай нь хэвлэл мэдээлэл ашиглан би сэтгүүлч хэмээн цээжээ дэлдэн хүссэн мэдээллээ үнэн хэмээн цацаж, бусдыг айлган сүрдүүлэх нь зүй бус.
ҮАБЗ хэзээ хуралдаж энэ асуудалд хариу өгөх вэ. Хүний нийгэмд хүнээс чухал зүйл гэж үгүй. Эсвэл заавал жагсаал цуглаан болж сүр бадруулсны эцэст үйлдэл хийх юм уу? Энэ бол хүлээн зөвшөөрч, зүгээр өнгөрөөж болохгүй асуудал.
Монголын төр, ХЭҮК, ХЗДХЯ, цагдаа иргэдээ хэрхэн хамгаалахыг харах л үлдлээ.