Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнээс 1,246 хүний сорьцод халдвар илэрлээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 171,097 болж нэмэгдэв.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 475 нь нийслэл хотод,
- 771 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 1,804 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 80-аас дээш насны таван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.
Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 841 хүн эндээд байна.
Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,810 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,978 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5,064
- Хүндэвтэр- 2,588
- Хүнд – 969
- Маш хүнд – 189 хүн байна.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Тэрээр "Улсын хэмжээнд эхний тунд 67 хувьтай, хоёр дахь тунд нийт хүн амын 61 хувь нь хамрагджээ. Нийслэлд дархлаажуулалт идэвхтэй үргэлжилж байна.
Вакцинд хамрагдаагүй хүмүүс илүүтэй нас барж байна. АНУ-д нийт нас барсан иргэдийн 90 хувь нь вакцинаа хийлгээгүй байжээ. Тус улсад бүртгэсэн шинэ тохиолдлын 83 хувь нь дельта хувилбар байна.
Иргэд хоёр дахь тунгаа өөр вакцинаар тариулах хүсэлтэй байна Энэ тохиолдолд дархлаа тогтохгүй тул ижил вакцин тариулахыг зөвлөж байна. Хоёр өөр вакцин тариулснаар хүний биед дархлаа тогтож буй эсэхийг судалсан, томоохон, баталгаатай судалгаа алга. Хэрэв та эхний тунгаа тариулсны дараа харшил өгсөн бол хоёр дахь тунгаа өөр вакцин хийлгэж болно. Гэхдээ заавал эмчтэйгээ зөвлөнө.
БНХАУ-д дельта хувилбар тархсан. Сүүлийн мэдээгээр 20-30 насны, вакцинд хамрагдаагүй залуус эмнэлэгт хэвтэх нь ихэсжээ.
Манай иргэд амны хаалтаа сайн зүүж байгаа ч хүн хоорондын зайгаа олон нийтийн газруудад мөрдөхгүй байна. Халдвартай хүний шүлс хоёр метрийн зайд байгаа иргэдэд халддаг. Иргэд найр наадам хийх нь ихэслээ. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүдээ хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх хэрэгтэй байна.
Баян-Өлгий аймагт сүүлийн өдрүүдэд олон тохиолдол бүртгэсэн. Иймд ДЭМБ, ХӨСҮТ-ийн хамтарсан зөвлөх баг тус аймагт дэмжлэг үзүүлэхээр явсан.
Зарим иргэн аялахдаа амралтын дундын цэгүүд, хоолны газруудад амны хаалтгүй үйлчлүүлж байна. Хоолоо худалдан аваад өөр өөрсдийнхөө машинд хоолоо идэх нь зөв. Элсэн тасархай, Урьхан гэх мэт газруудад хүн олноороо цуглаж байна.
Хариуцлагатай иргэд ч олон. Тэдний хичээл зүтгэлд талархаж байна. Хичээл эхлэхээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэнэ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Н.Ууганбаяр: Гараа байнга халдваргүйжүүлэн, гадуур явахдаа аль болох бээлий өмсөөрэй. Мөн хүн хоорондын зай барихгүй байгаа иргэдэд шаардлага тавьцгаая. Эхний тунгаа хийлгээд хоёр дахь тунгаа хийлгээгүй олон иргэн байна. Тэдэнд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хүлээн, вакциндаа хамрагдахыг уриалж байна.