УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан “М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн” албан бичгийг долдугаар сарын 9-ний өдөр илгээжээ.
Харин өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэх зарлигийг гаргасан байна хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс албан ёсны фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхээс М.Энхсайханыг Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүн, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалтыг зохион байгуулах, шалгарсан этгээдтэй хэлэлцээ хийж, холбогдох гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий компаниудад эдийн засгийн давуу байдал бий болгохыг завдсан гэж дүгнэн нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жил хорих ял оноосон юм.