Байгалийн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг хог хаягдалгүй “ГЭР Органик” дэлгүүр нь 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн борлуулдаг. Сав баглаа боодлоосоо эхлээд хаягдалгүй байхыг эрмэлздэг тус дэлгүүрээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
“ГЭР Органик” дэлгүүрийн ерөнхий менежер Н.Саруултуяа “Манайх 2018 оны 10 сард үүсгэн байгуулагдсан. Байгуулах болсон шалтгаан нь хог хаягдал дэлхий даяараа хурцадмал асуудал болж байгаа энэ үед Монголдоо байгальд ээлтэй хог хаягдалгүй дэлгүүрийг зориглоод нээсэн. Сав баглаа, боодлын хог хаягдал гардаггүй бүтээгдэхүүнүүд борлуулдаг. Жишээлбэл хатуу шампунь, ангижруулагч болон саванг хуучин сонин, сэтгүүлийн цаасыг оригами байдлаар нугалаад цаасан уутанд хийгээд савлаж өгдөг. Мөн угаалга, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдээ саваа барьж ирээд хүссэн хэмжээгээрээ граммлаад авч болдог” гэлээ.
“ГЭР Органик” дэлгүүрийн цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдийн орцыг савангийн “sapindus mukorossi” буюу самрын сууриар хийсэн цэвэр байгалийн гаралтай учраас хөрс бохирдуулахгүй гэдгээрээ давуу талтай юм. Тэд органик бараа бүтээгдэхүүн борлуулахаас гадна сургалт зохион байгуулдаг.
“ГЭР Органик” дэлгүүрийн ерөнхий менежер Н.Саруултуяа “Манайх байгуулагдсан гурван жилийн хугацаанд нэлээн олон сургалтууд зохион байгуулсан. Өөрийнхөө гараар байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, саван, лаа, арьс арчилгааны, угаалгын бүтээгдэхүүнүүдийг гарын доорх материалаар хийх сургалтуудыг зохиодог. Мөн онцлох нэг зүйл нь хүмүүсээс хог гэж бодсон зарим нэг зүйлсийг нь дэлгүүр дээрээ буцааж авдаг. Жишээлбэл таглаатай шилнүүд, дэлгүүрийн цаасан уутнуудыг манайд хандивлаж болно. Бид дахин хэрэглээнд оруулдаг. Мөн тэдгээр зүйлсийг сургалтдаа давхар ашигладаг” гэж хэллээ.