"Амьсгал тэтгэгч" төрийн бус байгууллагаас "Нэг аппарат-Нэг амь" хандивын аян зохион байгуулж буй талаараа өнөөдөр танилцууллаа.
Уг аян эхлээд сар гаруй хугацаа өнгөрч буй бөгөөд цугларсан мөнгөөрөө амьсгал дэмжих 10 аппарат авч, улсын эмнэлгүүдэд хандивласан байна.
"Нэг аппарат-Нэг амь" аяны ерөнхий зохион байгуулагч Г.Гантулга
"Коронавирусийн дельта хувилбар манай улсад бүртгэгдэж, тархах эрсдэл бий болсон энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор амьсгал дэмжих аппаратны хандивын аяныг зохион байгуулж байгаа.
Хандивын аянд ард иргэд, гадаад дахь монголчууд маань идэвхтэй оролцож байгаад маш их талархаж байна.
Бидний тооцоолсноор манай улсад амьсгал дэмжих 500 гаруй аппарат шаардлагатай байгаа. Цар тахлын үед гол ачааллыг үүрч буй ХӨСҮТ-д 30, Цэргийн төв эмнэлэгт 12, Яармагийн эмнэлэгт 18 ширхэг аппарат бий.
Ирэх саруудад тархалт эрчимжиж, эмнэлгийн ачаалал нэмэгдвэл ор хүрэлцээгүй болох эрсдэл бий.
Иймд төр засгаас эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Мөн бид УИХ-ын гишүүдэд хандаж, тойрог бүрдээ амьсгал дэмжих нэг аппарат хандивлах уриалга гаргаж байгаа. Уриалга бүхий албан бичгийг Даваа гарагаас хүргүүлнэ. Одоогоор УИХ-ын 20 гаруй гишүүнд хандсан боловч ямар нэг хариу өгөөгүй" гэлээ.
Аяны зохион байгуулагчдын нэг тулаанч Ц.Амарбаясгалан
“Миний бодлоор энэхүү Ковид-19 вирус хийсч ирээгүй, хэлж ирсэн. Хоёр жилийн өмнөөс дэлхий даяар тархаад, Монгол Улсад гарснаас өнөөдрийг хүртэл 165 мянга гаруй хүн өвчилсөн. Үүнээс 32 мянга гаруй нь хүүхэд байна. Удахгүй хүүхдийн хичээл, сургууль орно. Намраас дельта вирус дэгдэх магадлалтай. Өнөөдрийн энэ тоо хэд болж, хэчнээн хүн нас барахыг хэлж мэдэхгүй байна. Бид бэлдэх хэрэгтэй.
Спорт урлагийнхан маань энэ хандивийг аяныг дэмжиж өгөөрэй гэж уриалж байна.
Улс орныг нэгэн айлтай зүйрлэвэл залхуу хүмүүс л ядуу, өвчтэй амьдардаг. Аливаа зүйлийг урьдчилан тооцоолж бэлдэх хэрэгтэй. Энэ байдлаараа байвал дахиж хөл хорио тогтоогоод эдийн засаг маань шалаар нэг болох учир бэлдэх хэрэгтэй. Тиймээс бид энэхүү уриалгыг гаргаж байна” гэлээ.
Хандивын аяны хүрээнд оруулж ирж буй амьсгал дэмжих аппарат нь БНХАУ-ын "Comen" үйлдвэрийн NF5 загвар юм байна. Аппаратны нэг бүрийн үнэ 9.6 сая төгрөг бөгөөд аяны хүрээнд үнийг нь 7.2 сая төгрөг болгон бууруулахаар үйлдвэрлэгчтэй нь тохиролцжээ.
Аппаратны ажиллагааны талаар "Нэг аппарат-Нэг амь" аяны ерөнхий зохион байгуулагч Г.Гантулга "Хүчилтөрөгч, орчны агаарыг хольж, уушгинд хүргэх температурыг тохируулдаг. Мөн чийгшүүлэгчтэй, шаардлагатай газарт зөөвөрлөн ашиглах боломжтой" гэв.
Т.Болортуяа