Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн тамирчид Токио-2020 олимпын наадмын дэвжээн дээр таван барилдаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байна.
Өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд зодоглосон Б.Болортуяа Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендресийг 5-15 харьцаагаар ялж шөвгийн дөрөвт шалгарсан. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жинд зодоглосон М.Лхагвагэрэл Германы Геннадиж Кудиновичийг 6-5 харьцаагаар ялж шөвгийн дөрөвт шалгарсан.
Тодруулбал, хамгийн сүүлд дэвжээнд гарсан М.Лхагвагэрэл 2:4-өөр хожигдож явсан эгзэгтэй мөчид дөрвөн оноо дараалан авч ялалт байгуулснаар хагас шигшээд үлдэж, цааш медалийн төлөө барилдахаар болсон билээ.
Барилдааны эхэнд манай хүн идэвхийн болон дэвжээнээс түрж гаргасны оноо авснаар 2:0-ээр тэргүүлж байсан. Гэтэл өрсөлдөгч нь ууцаар нь тэвэрч унаган бүхэл дөрвөн оноо авчихав. Манай хүн зүгээр ухраад дэвжээнээс гарчихсан бол нэг оноо алдаад л өнгөрөх байлаа. Гэхдээ тэрбээр алдаагаа залруулж, хоёр удаа ард нь гарч дөрвөн оноо авснаар эцсийн мөчид 6:5-аар ялалт байгууллаа.
Одоо манай бөх хагас шигшээд Америкийн залуу бөх Г.Стивенсонтой барилдана.
Хэрэв тэд шөвгийн дөрвийн өрсөлдөгчөө ялбал мөнгөн медалийн болзол хангаж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Дэлхийн медальт Б.Болортуяа олимпийн медальтан болоход ганц ялалт л хэрэгтэй болоод байна. Тэрбээр Эквадорын бөхийг оноогоор цэвэр (15:5) ялснаар хагас шигшээд шалгаран үлдэв. Одоо манай бөх Японы М.Мукаидатай барилдана.
Хагас шигшээ барилдаан 17.15 цагаас эхлэх юм.
Харин ялагдвал маргааш хүрэл медалийн төлөө хүч үзнэ.
Гэрэл зургийг МҮОХ