Америкийн поп од Рианна тэрбумтан болсныг Форбес сэтгүүл өчигдөр албан ёсоор зарласныг ВВС мэдээллээ.
Дуучин бүсгүйн хөрөнгийн хэмжээг тус сэтгүүл 1.7 тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна. Үүний 1.4 тэрбум ам.доллар нь Рианнагийн байгуулсан "Fenty Beauty" косметикийн компанийн үнэлгээ юм байна.
Үлдсэн хөрөнгө нь "Savage x Fenty" дотуур хувцасны компанийн 270 сая ам.долларын үнэлгээ болон бусад хөгжим, уран бүтээлийн орлогоос бүрдсэн байна.
Рианна нь одоо шоу бизнесийн ертөнцөөс төрсөн эмэгтэй тэрбумтнуудын хоёрдугаарт, нэрт хөтлөгч Опра Уинфригийн дараа бичигдлээ. Ийнхүү Барбадос гаралтай, 33 настай Рианна хөгжмийн салбарт хамгийн баян эмэгтэй боллоо.
Рианна 2016 онд гаргасан "Anti" цомгоосоо хойш дахин уран бүтээл туурвиагүй байгаа юм.