
Токио-2020 зуны олимпын хүндийг өргөлтийн спортын төрөлд Монгол Улсаас Гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ Э.Билэгсайхан нар дасгалжуулагч ОУХМ Ц.Хосбаяр, олимпын шүүгчээр Л.Одгэрэл нар Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцоод өчигдөр орой эх орондоо ирлээ.
87 кг-ын жинд оролцож, дөрөвдүгээр байрт орсон Гавьяат тамирчин М.Анхцэцэгтэй цөөн хором ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Олимпын наадамд амжилттай оролцсон Танд баяр хүргэе. Сүүлийн мөчид 142-оос шууд 147 кг-ыг огцом өргөх болсон шүү дээ. Тэмцээний явц ямар байв?
–Тэмцээнээ дуусгаад эх орондоо ирэх гэж яарлаа. Хүрэл медаль хүртэж чадаагүй ч Монголын ард түмний өгч буй урам өшөө олон амжилтын түшиг тулгуур болж байна, баярлалаа. Тэмцээний үйл явцын хувьд бусад улсын тамирчид гурван дасгалжуулагч нэг тамирчныг тэмцээнд оруулж, зэрэг зэрэг анхаарал хандуулдаг. Багш маань бараг ганцаараа байсан. Э.Билэгсайхан маань түрүүлээд тэмцээндээ ороод дуусчихсан учраас багшид тусаллаа. Оролтоос оролтын хооронд цаг хугацаа их гарсан. Маш ширүүн өрсөлдсөн учраас хүнд байсан ч хамаагүй, алдсан байсан ч хамаагүй эцсийнхээ бүх хүчийг шавхаад тэмцэнэ гэж бодож байсан.
Энэ удаагийн олимпод сэтгэлзүйн багтай явсан учраас тамирчдын сэтгэлзүйн бэлтгэл сайн байлаа.
-Таныг хөл бэртэлтэй ч олимпод оролцсон гэсэн?
-Монголд байхад хөл маань өвддөг байсан юм. Хөдөө бэлтгэл хийж байсан болохоор боолтоор боож бэлтгэлээ хийдэг. Хөл хорионд байсан учраас эмнэлэг орох эрсдэлтэй гээд хот руу орж чадахгүй байсан. Булчингийн зангирал гэж бодтол сүүлд үзүүлэхэд шөрмөсний цууралттай гэж гарсан.
-Өрсөлдөгч нарынхаа тухайд?
-БНХАУ-ын тамирчин хамгийн хүчтэй нь байлаа. Монголоос явахдаа судалгаагаа маш сайн хийсэн. Хэмжигдэхүүний спорт учраас хэн, хэдэн кг өргөж байгаа нь харагдаж байдаг. Тиймээс тооцоо, судалгаагаа маш сайн гаргасан.
Бэлтгэл дээрээ 147, 148 кг-ийг өргөж байгаагүй. 110 кг-ийг ч огцом өргөж байгаагүй. Бүх хүчээ шавхсан тэмцээн боллоо. Дараа, дараагийн тэмцээндээ илүү анхаарч ажиллана.
Хүндийн өргөлтийн спортыг дэмжиж, тусалдаг бүх хүмүүстэй маш их баярлалаа.
Миний хувьд “Токио-2020” олимп хоёр дахь олимп байлаа. Дараагийн олимпод оролцох зорилготойгоор гурван жилийн турш шаргуу бэлтгэл хийх болно”
-Дэлхийн аварга болох үед БНСУ-аас тухайн улсын нэр дээр олимпод оролцох санал тавихад зөвшөөрөөгүй шүү дээ?
-Би залуу хүн учраас өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа. Илүү цалинтай ажиллах, өөр улсын нэр дээр өргөх хүсэл байгаагүй. Монголын төрийн далбааг дэлгээд, Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргах нь илүү үнэ цэнэтэй гэж бодсон.