Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт өгдөг ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн гурван асуудлыг хөндлөө.
Тэрбээр “ Өнөөдөр Монгол улсад эдийн засгийн эрх чөлөө, хүний зорчих эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсан байна. Гурван зүйл дээр баримттай хэлье.
Нэгдүгээрт, УИХ-ын дарга төв банкны дэд ерөнхийлөгчийг дуудаад том мөнгөн дэвсгэртийн асуудлыг судлаад хурдан гаргах үүрэг өгсөн байна. Энэ нь үндсэндээ иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж буй хэрэг юм. Учир нь том мөнгөн дэвсгэрт гаргаснаар улс орны асуудал, хүмүүсийн аж, ахуй амьдралын асуудал шийдэгдэх байсан бол АНУ таван зуутын доллар гаргаад асуудлыг шийдэх байсан. Англичууд гэхэд зоосон мөнгөтэй хэвээрээ байна. Энэ нь эдийн засгаа үнэ цэнэтэй байлгаж байгаа хэрэг юм.
Том мөнгөн дэвсгэрт гаргана гэдэг нь эдийн засаг туйлдаа хүрч, Монгол төгрөгийн ханш унасныг УИХ-ын дарга хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Харамсалтай нь үүнийг зогсоох талаар биш, эдийн засгийн амьсгалыг хураах бодлого гаргаж, үүрэг чиглэл өгсөн. Хэрэв манай улс энэ бодлогоор явбал нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно.
Эдийн засгаа зөв болгохын тулд харин ч эсрэгээрээ 20 мянгатын дэвсгэртийг аль болох гүйлгээнээс гаргах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол улс алсын хараагүй бодлоготой болсон байна.
Хоёрдугаарт, “NO NAADAM” хөдөлгөөний санааг гаргасан иргэдийг тагнуулын байгууллага шалгасан гээд дуулиан гарсан. Холбогдох төрийн байгууллагууд нь мэдээллээ өгөх хэрэгтэй байна. Мэдээлээгүйгээс болоод хэвлэл мэдээллийн байгууллага зөв, бурууг нь шүүгээд улмаар иргэд хэвлэл мэдээллийн байгууллагатай дайсан болоод байна.
Өөрөөр хэлбэл хуулийн байгууллагууд өөрсдийн албан ёсны хэвлэлийн байгууллагаар дамжуулаад иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа мэдээллүүдэд албан ёсны хариу өгөх хэрэгтэй.
Гуравдугаарт, Боловсролын сайд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ Монгол улсад 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байгааг хэлсэн. Энэ бол Монголын ирээдүй болсон 185 мянган залуусын ирээдүй алга боллоо гэсэн үг. Боловсрол гэдэг тухайн хүний ирээдүй. Энэ хоцрогдлыг нөхөх бодитой төлөвлөгөө танилцуулсангүй.” гэлээ.