ОЛИМПЫН МЕДАЛЬТНУУД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ
Токио-2020 олимпын наадмаас медаль хүртэж, эх орныхоо төрийн далбааг мандуулсан тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Тодруулбал, хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар болон мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Саид Моллаеи тэргүүтэй баг тамирчид оройн 23.05 цагт Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа.
Олон улсын нисэх буудлын гадна талбайд Монголынхоо баг тамирчдыг угтан авахаар гэр бүл, найз нөхдийн төлөөлөл цуглажээ. Олимпын медальтнуудтай хамт жүдо, бокс, буудлага, байт харваа, хүндийн өргөлтийн тамирчид гээд 40 гаруй хүн эх орондоо ирлээ.
ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ М.УРАНЦЭЦЭГ:
-Маш их баяртай байна. Олимпын медаль аваад дүүдээ ярилцлага өгнө гэсэн амлалтдаа хүрлээ. Би олимпын аварга болно гэж явсан. Бага зэргийн алдаанаас болоод хүрэл медаль хүртсэн ч баяртай байна. Олимпын медалиа зүүх мөчид эх орон минь бодогдож байсан. Дараагийн зорилгоо баг хамт олонтойгоо ярилцаж байгаад шийднэ.
ОЛИМПЫН ХҮРЭЛ МЕДАЛЬТ Ц.ЦОГТБААТАР:
-Надад тусалж дэмжсэн багш дасгалжуулагч, хамт олон, гэр бүлдээ маш их баярлалаа. 2024 онд медалийнхаа өнгийг өөрчилж, олон жил баярлуулах болно.
ОЛИМПЫН МӨНГӨН МЕДАЛЬТ САИД МОЛЛАЕЙ
-Их сайхан байна. Энэ медаль миний анхны олимпын медаль байлаа. Бүгдээрээ баяртай байгаа гэж бодож байна. Учир нь энэ медалиа Монголчуудынхаа төлөө авж чадлаа. Намайг Монголын Саид Моллаей гэж дуудахад баярлаж байсан. Яагаад гэвэл Монголынхоо тамирчидтай нэг далбаан дор нэг хүч болж барилдсан. Өмнө нь бид өөр өөр далбаан дор барилдаж байсан. Миний хувьд одоо байгаа энэ далбаа нь л чухал. Энэ медаль тэгэхээр бид бүгдийн медаль шүү. Монгол түмэн минь надад тусалсан учраас энэ медалийг авлаа. Их баярлаж байна. Багш, дасгалжуулагч, найзууддаа баярлалаа.
ОЛИМПЫН ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН IV БАЙРЫН ШАГНАЛТ, ГАВЬЯАТ ТАМИРЧИН М.АНХЦЭЦЭГ
-Тэмцээнээ дуусгаад эх орондоо ирэх гэж яарлаа. Хүрэл медаль хүртэж чадаагүй ч Монголын ард түмний өгч буй урам өшөө олон амжилтын түшиг тулгуур болж байна, баярлалаа. Сэтгэлзүй дажгүй байсан. Хөл Монголд байхад өвдөөд байдаг байсан. Тэмцээн дөхсөн байсан тул эмнэлэг орох эрсдэлтэй байсан. Олимпын хотхонд очоод зураг авахуултал цуурсан байсан. Бүх хүчээ шавхсан. Дараа, дараагийн тэмцээндээ илүү их хичээнэ. Хүндийг өргөлтийн тамирчдыг тусалж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТ, АЗИЙН ХОШОЙ АВАРГА, АЗИЙН НААДМЫН АВАРГА, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.ЦЭНДБААТАР
-Олимпоос медаль хүртэж чадаагүйдээ, ялалтаа авч чадаагүйдээ үнэхээр харамсаж байна. Би 13 жил боксын спортоор хичээллэж байна. Шүүгчид тамирчдын хувь заяаг шийддэг нь маш буруу гэж бодож байна. Шударгаар шүүсэн бол олимпын медаль авах байлаа. Үнэхээр харамсалтай байна. Миний хамгийн сүүлд оролцох тэмцээн бол сонирхогчдын боксын ДАШТ. Үүний дараа мэргэжлийн боксод хүч үзнэ. Дахиж би ринг дээр ялчхаад шүүгчдээс болоод ялагдахыг хүсэхгүй байна. Медаль хүртэж, Монголчуудыгаа баярлуулахыг хүссэн ч чадсангүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.