
А.Заманбекийн ясны хавдрыг Монголд эмчлэх боломжгүй учраас Турк улс уруу эмчилгээнд явах шаардлагатай болсон байна. Түүний эмчилгээнд одоогийн байдлаар 200 сая төгрөг шаардлагатай юм. Тэрбээр 28 настай. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Иймээс яаралтай эмчилгээнд орох шаардлагатай тул ард иргэдээсээ туслалцаа хүсэж байна.
А.Заманбек “Жилийн өмнөөс гар бага багаар хавдаад байсан. Би тэгж байгаад үзүүлчихье гээд ажлаа хийгээд тоохгүй яваад байсан чинь арван хэд хоногийн өмнөөс эрс хавдаж эхэлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлал, Гранд Мед гэсэн гурван эмнэлэгт очиход яг адилхан гарыг чинь тайрна тэгэхгүй бол уушги, нурууны чинь тав зургадугаар нугалам руу үсэрхийлчихсэн байна гэсэн. Тэгээд Турк улсын “Global Memorial” гээд эмнэлэг рүү материалаа явуулахад энэ өвчин ямар ч байсан эдгэнэ. Цаг алдалгүй хүрээд ир. Хүнд эсвэл хөнгөн шатандаа байна уу гэдгийг тодорхойлоод хэдэн төгрөгийн төлбөр болох вэ гэдгийг нь хэлнэ гэсэн. Ямар ч байсан урьдчилаад 200 сая төгрөгтэй ирээрэй гэж хэлсэн. Өвчний шалтгаан нь бага байхдаа хөдөө гараа бугалам хэсгээрээ их хугалдаг байсан. Энэ нь удаан хугацаанд хугарч эдгэсээр байгаад ясны хавдар үүссэн гэсэн онош тавьсан” гэлээ.
Түүний хувьд өдөрт өвчин намдаах эм өглөө, өдөр, орой уухгүй бол өвдөлтөөсөө болоод унтаж чадахгүй байгаа юм байна. Тэрбээр “Шөнийг яаж өнгөрөөх үү гэдгээс их айдаг боллоо. Шөнөжингөө янгинаж өвдөнө. Янгинаж өвдөхөөрөө ганцхан энэ гар биш хөл гар бүх юм янгинаж өвдөж байгаа. Ер нь ямарваа нэг өвчнийг бага дээр нь мэдсэн бол битгий нууж байгаарай гэж хэлмээр байна. Би энэ өвчнөө 2018 онд мэдсэн ч гэр бүлээ тэжээж ажил хийхгүй бол болохгүй, хүүхдүүдийг минь хэн тэжээх вэ гэж бодоод өөрийнхөө өвчнийг хаяад ажлаа хийгээд явчихсан. Ингэж явсны эцэст хавдар минь хүндэрч эцсийн шатандаа орчихсон эд эрхтнээ алдах дээрээ тулаад байна” гэлээ.
Одоогийн байдлаар 21-22 сая төгрөгийн хандив цугларчээ. Тэд өнөөдөр эмчилгээндээ орохоор Турк улсыг зорих гэж байна. А.Заманбек хэлэхдээ “Та бүхнээс хүсэхэд надад туслаарай таван хүүхэд, эхнэртэйгээ цуг байх боломж олгохыг Монголын ард түмнээсээ гуйж байна” гэж хэлсэн юм.
Хандивын данс: Хаан банк “5068165118” Аянагүль Заманбек