Дорнод аймагт тээврийн хэрэгслээр нэгнийгээ мөргөж гэмтээн хэргийн газраас зугтсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, долоодугаар сарын 21-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 52А байрны урд талд 19 настай эрэгтэй, “Д” гэгч нь /дээд сургуулийн 2-р курсийн оюутан/ Harrier маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ 18 настай эрэгтэй “С”-ийг мөргөж биед нь гэмтэл учруулан хэргийн газраас зугтсан хэрэг бүртгэгдсэн. Хохирогч “С” нь ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.
Уг асуудалтай холбогдуулан "Д"-д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан өнөөдөр Дорнод аймагт цагдан хорих шүүх хурал болж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн уг хэрэгтэй холбогдуулан тухайн үед зодоон хийсэн гэх 2000-2003 оны 13 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг аймгийн прокурорт хүргүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг Дорнод аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Залуус эмэгтэй хүүхдээс болж зодолдсон гэж урьдчилан мэдүүлжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч С нь хүнд гэмтэлтэй гэж гарсан байна. Тэрээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.