Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанд 2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх мэдээлэл хийж, үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс бусад орны адил сургуулиа хаасан. 2019-2020 оны хичээлийн жилд нийт хичээлийнхээ 47 хувьд хаалттай байсан. 2020-2021 оны хичээлийн жилд танхимаар хичээллэх 62-68 хувийн боломжоо бид алдсан. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танхимаар хичээллэх боломжийнхоо 60 хувийг алдсан байна.
НҮБ-ын Юнескогоос гаргасан зөвлөмжөөр цар тахлын үед сургууль цэцэрлэг хаасан нь ганцхан сурлагын хоцрогдолд оруулах биш давхар сэтгэл санааны хямрал нүүрэлсэн он жилүүд болсон гэсэн дүгнэлтийг хийсэн.
Өнгөрсөн хоёр хичээлийн хугацаанд зурагт, интернэтгүй 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Үүнээс гадна 470-500 мянга орчим хүүхэд хичээлийн бодитой хохиролд орсон гэсэн судалгаа байна. Иймээс бид энэ хичээлийн шинэ жилийг есдүгээр сарын нэгнээс эхэлж тодорхой үе шаттайгаар танхимын болон танхимын бус хослуулсан хэлбэрээр нээх шийдвэрийг Засгийн газраас гаргаж байна.
Учир нь ахлах ангийн хүүхдүүдийн олонх нь бүрэн тундаа хамрагдлаа. Гэвч халдвар авсан 5 хүний нэг нь хүүхэд байна. тэр дундаа 0-11 насны хүүхдүүдийн дунд халдвар авах явдал өндөр хэвээр байна.
Цэцэрлэгүүдийг мөн танхимаар нээнэ. Сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд 5 хоног танхимаар, 5 хоног цахимаар гэсэн хуваарийн дагуу хичээллэнэ. Харин МСҮТ, их сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нд цахимаар эхлэн есдүгээр сарын 13-нд танхимын сургалт болж үргэлжилнэ. Учир нь энэ жил ЭЕШ-ыг хойшлуулсан. ЭЕШ-ыг энэ сарын 19-21-ний өдрүүдэд болно.
6 настнууд болон цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн хийх талаарх мэдээллийг баасан гарагт болох хэвлэлийн хурлаар илүү дэлгэрэнгүй мэдээлнэ. 2-3 насны хүүхдүүдийг хэзээ элсүүлэх нь есдүгээр сарын сүүлээр тодорхой болно.
Манай хоёр хөрш оронд ч халдвар тархлаа. Эцэг эхчүүд төрийн байгууллагатай хамтран ажиллах зайлшгүй шаардлага үүслээ. Эрүүл мэндийн хүндэтгэх шалтгаантай хүүхдүүд цахимаар хичээллэх боломжоор бид хангана. Ямар хичээлийг цахимаар, ямар хичээлийг танхимаар заах вэ гэдгээ шийднэ. Шилдэг, теле хичээлүүдийг цахим хичээл болгоно. Учир нь шилдэг багш нар бүх сургуульд хүрэлцэхгүй.
Хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг нөхөхөд Засгийн газраас гурван тэрбум төгрөг зарцуулна. Гадаадад суралцдаг монгол оюутнуудаа тухайн улсад нь хичээлд нь хамруулах ажлыг манай яам ГХЯ-тай хамтран зохицуулахаар ажиллаж байна. Хүүхдүүдийн халууныг шалгах гэх мэт бэлтгэлийг хангах шаардлагатай.
Энэ хичээлийн жилд танхимаар хичээллэхэд 1-5 дугаар ангийн сурагчдад "Үдийн цай" хөтөлбөр "Үдийн хоол" хөтөлбөр болон хэрэгжинэ.
Хувийн хэвшил болон төрийн сургуулиудын хөтөлбөр өөр байж болохгүй яамнаас гаргаж байгаа зөвлөмжийг өмчийн хэлбэр үл харгалзан сахих ёстой" гэлээ.