Чингэлтэй дүүргийн 17-р хорооны Зүрх ууланд хэсэг залуус хамтарч, “Уулын фитнесс”-ийг байгуулахаар зориг шулуудан хөлс хүчээ дундалж “Уулын фитнесс”-ийг нээж байв. Энэ газрыг татан буулгах гэж байгаа талаар мэдээлэл гарч “Уулын фитнесс”-ийг байгуулсан “Чийрэг монгол” фитнесс клубийн залуус эсэргүүцлээ илэрхийлээд байв.
Харин өчигдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас томилсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан хуралдаж “Уулын фитнесс”-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх шийдвэрлэжээ.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Одгэрэл “Задгай фитнессийн үйл ажиллагааг хаах тухай албан шийдвэр гараагүй байсан. Харин цэцэрлэгт хүрээлэнд шилжүүлэн байрлуулах санал тавихад нам дор газар тохиромжгүй гээд зөвшөөрөөгүй. Дүүргээс томилсон ажлын хэсэг дөнгөж сая нөхцөл байдалтай очиж танилцаад ирлээ. Энд фитнесс ажиллуулж болохгүй гурван шалтгаан байна гэж мэргэжилтнүүд үзсэн” гэлээ.
Ажиллуулж болохгүй гэх гурван шалтгааныг танилцуулбал:
- Гэмт хэрэг гарах орчныг бүрдүүлж байна. учир нь ойр очимд хэд хэдэн хэрэг бүртгэгдэж байсан
- Аливаа үйл ажиллагааг явуулахад стандарт хэрэгтэй. Хөдөө, хээр учраас зарим тоног төхөөрөмж зэвэрсэн, хуучирсан байна. Олон нийтийн амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин тул хүүхдийн аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй төхөөрөмж байрлуулжээ
- Фитнессийн ойр орчмыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын бүс болгон зарласан учраас ногоон байгууламж сүйтгэж, орчны аюулгүй байдлыг устгаж байна.
Дээрх шалтгаанаас үүдэн хоорондоо ойлголцоогүй гэсэн бөгөөд талууд хоорондоо уулзаж хэлэлцээд фитнессын үйл ажиллагааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.
“Чийрэг Монгол” ТББ-ын тамирчин Э.Чинзориг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх "Уулын фитнесс"-ийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхээр боллоо. Цаашид Нийслэлийн Хот тохижилтийн газраас тохижилт үйлчилгээг сайжруулах, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газартай хамтран ажиллаж гэмт хэргээс урьдчилан сэргийлж камер байрлуулах шийдэлд хүрсэн” гэв.