Хөдөлмөрийн баатар, Лондонгийн олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг өчигдөр олимпын наадмын хүрэл медалийн төлөө Кыргызстаны бөх, Азийн аварга, 22 настай Мээрим Жуманазароватай барилдсан. Тэрээр энэхүү барилдаанд ялагдан, олимпод V байрт шалгарсан юм.
Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Батцэцэг тэмцээнээ өндөрлүүлэн монголын хэвлэлийн багт “Цар тахлын улмаас олимпын өмнө ганцхан тэмцээнд оролцсон. Мэдрэмж муу байна. Нигерийн бөх бяртай байсан, дөхөж очиж чадаагүй.
Хүрэл медалийн төлөө өрсөлдөхөд “Тэгье, ийм мэх хийе” гэх санаа байсан болов ч санасныхаа дагуу хийж чадсангүй. Барилдахын өмнө дасгалжуулагч нар “Өөрийнхөө барилдааныг гаргаад барилдаарай. Яг чиний барилдаанд таарах өрсөлдөгч байна” гэж хэлсэн.
2015 оны барилдаануудыг маань сануулаад, тэр үеийнхээ барилдааныг гаргаж барилдаарай гэсэн. Дэвжээний буланд гараад хамт байсан Б.Батбаяр багшдаа, шигшээгийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга багшдаа, шигшээгийн дасгалжуулагч нартаа баярлалаа.
Медаль авна, ялна гэдэгтээ их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Цай сүүнийхээ дээжийг өргөж, ард минь байсанд баярлалаа” гэлээ.