Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр эмэгтэй 68 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан боллоо.
Гавьяат тамирчин С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Киргизийн Мээрим Жуманазароватай барилдаж, хоёрдугаар үед манай бөх цэвэр ялагдлаа.
Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, Архангай аймгийн Хашаат сумын харьяат С.Батцэцэг эл барилдаанд 10:1-ээр ялагдав. Ингэснээр Токиогийн олимпод V байрт шалгарлаа.
С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарсан. Гурван оноо дутуу байхдаа барилдаан дуусахаас 19 секундын өмнө мордож 4 оноо аван, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан.
Дараа нь 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар ялсан.
Хагас шигшээд Блессинг Оборудудутай (Нигери) барилдаж, 2:7 ялагдсан.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглодог тэрбээр Лондоны олимпоос Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын түүхэн дэх анхны медалийг хүртсэн.