Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбайг хааж барьсан “Ачтан” эмнэлгийн хашааг албадан нураалаа. Учир нь 2020 оноос эхлэн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх шаардлага тавьсан хэдий ч “Эмнэлгийн стандарт ийм байх ёстой учраас буулгах боломжгүй” гэх тайлбарыг өгсөн байна.
Энэ талаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Баянгол дүүргийн зургадугаар хороо, “Ачтан” эмнэлгийн урд талын асфальтан замаас 57-р байр хүртэлх авто замын шинэчлэлт, засварын ажил хийж байгаа. Энэ нь 2020 оноос хойш он дамжин хийгдэж байгаа ажил юм. Уг замын дагууд “Ачтан” эмнэлэг болон “Selena travel” гэх хоёр хуулийн этгээдийн газар өртсөн. Бид энэ аж ахуй нэгжүүдтэй хуулийн дагуу эзэмшиж байгаа газар дээр нь хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байдаг. Тухайн аж, ахуй нэгжүүд өөрсдөө үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, янз бүрийн шалтгаан хэлдэг. Тухайлбал “Ачтан” эмнэлэг гэхэд “Бидний эмнэлгийн стандарт, норм, дүрэм байдаг. Хоёр, гурван орц, гарцтай байх ёстой. Эмнэлгийн хог хаягдал гаргадаг хэсэг заавал тусдаа байх ёстой. Тийм учраас буулгах боломжгүй” гэж хэлээд хэлэлцээрт хүрдэггүй. Энэ газар бол энэ компанид өмчлүүлээд өгчихсөн газар биш. Төрийн өмчийн газрыг тодорхой хугацаа, зориулалттайгаар эзэмшиж байгаа. Тиймээс нийтийн эрх ашгийн үүднээс зам хаасан хэсгийг албадан буулгаж байна” гэлээ.