Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын математик, физик, мэдээлэл зүй, хими, биологийн олимпиадаас медаль хүртсэн Монголын багийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, “Оюун ухааны олимп гэгддэг Олон улсын олимпиадад ороод амжилт гаргаад ирсэн хүүхдүүдийг Монголын төр, засаг зүй ёсоор үнэлдэг болох ёстой. Тийм цаг ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ асуудлаар миний бие зарлиг гаргана гэдгээ хэлье” гэв.
2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн” гээд, оюуны спортыг дэмжих, боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг шинэ түвшинд гаргах зэргээр нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглахыг зөвлөж, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ хэлэв.
Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч онцоллоо. Цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтойг тэмдэглэв.
Багш нар сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэнэ гэдгийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй орны шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй – 2100 оюутан” хөтөлбөр санаачилсан юм.